2024-11-23
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Хөндөх сэдэв

Н.Баярсайхан: Засгийн газар “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ” хийх аргачлалыг батлах хэрэгтэй

2021-09-01 12:05:52


Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа газарт нутгийн иргэд, малчдын эрх ашгийг хамгаалахад чиглэн олон жилийн турш үйл ажиллагаа явуулж буй “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал” сэдвээр яриа өрнүүллээ. Өнөөдрийг хүртэл Монгол улсад уул уурхайн асуудал яригдахад байгаль орчны талаас нь авч үзэж ирсэн ч үүний цаана хүний эрхийн  асуудал орхигдсоор ирсэн нь маргаангүй үнэн юм. Энэ ч утгаар нь “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ” гэж юу болох, ямар ач холбогдолтой вэ? гэдгийг олон нийтэд таниулах үүднээс энэ удаагийн ярилцлагаа бэлтгэлээ. Нэг хүний эрх ашиг биш нийт ард түмэн, улс орны хувьд асар том агуулгатай ач холбогдолтой сэдэв юм. Өнөөдрийн байдлаар “Хил хязгааргүй алхам” ТББ, Оксфордын их сургууль, эрдэмтдийн зөвлөл хамтран “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал”-ыг боловсруулсан, одоо Монгол улсын Засгийн газар батлах шаардлагатай байгаа юм.
 
Ажиглаад байхад уул уурхайн компаниудын хууль бус үйл ажиллагааны эсрэг нутгийн иргэдийн эрхийг хамгаалах, байгаль орчин сүйдэхээс сэргийлдэг иргэний нийгмийн байгууллагууд хангалттай олон биш байна. Танай ТББ-ын хувьд энэ чиглэлээр чамгүй олон жил ажиллалаа. Бараг л бодит архив болсон болов уу?

- Манай “Хил хязгааргүй алхам” ТББ 2006 онд үүсгэн байгуулагдсан. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль экологид үзүүлж байгаа нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа нөлөөлөл эдгээрээс үүдэлтэй хүний эрхэд нөлөөлж байгаа дам нөлөө байгаа нь хүний эрхийн зөрчлөөр илэрдэг. Энэ үйл явцыг хариуцлагатай болгох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, иргэдийг болон орон нутгийн оролцооны эрхийг дэмжих чиглэлээр сургалт сурталчилгаа, мониторинг, бодлогын нөлөөллийн ажлыг хийж 14,15 дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд 2001 онд “Онги гол хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулалцаж ажилласнаас хойш өнөөдөр иргэний нийгмийн байгууллагад бараг 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд уул уурхайн үйл ажиллагаа МУ-ын эдийн засгийн гол тэргүүлэх салбар болж хөгжиж байна. Гэхдээ зарим чухал асуудлууд орхигдож байгаагийн нэг нь уул уурхайн салбарт “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-г хийх аргачлал байхгүй байна. Үүнийг зайлшгүй төсөл хэрэгжүүлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд хийх хуулиар хүлээсэн  үүрэг нь байхгүй байна. Үүнээс болж хүний эрхийн зөрчил, экологийн доройтол, экологийн доройтол нь эргээд хүний эрхийн зөрчлүүдийг бий болгож байна. Тэр нь зүгээр нэг хүний эрхийн зөрчил төдийгүй цаашлаад нийт үндэстний, нүүдлийн соёл уламжлал, соёлын эрхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн эдийн засгийн талаас нь үзэх юм бол ядууралд түлхэц болж байна гэх мэтчилэн олон сөрөг нөлөөллүүд гарч байгаа учраас зайлшгүй энэ нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх нь чухал юм байна гэдэг үүднээс хандаж эхэлж байна.

Тэгэхээр “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ” гэдэг нь яг юу юм бэ? гэдэг дээр тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Энд маш олон мэдээллүүд  багтаж байна, хувь хүн, өрх гэр, тэгээд том хүрээнд нутгийн иргэдийн ахуй амьдрал гээд олон зүйл яригдах гээд байна тэгэхээр яг тодорхойлж хэлээч?
  • “Нийгмийн нөлөөлөллийн үнэлгээ” 1970 оноос олон улсад яригдаж эхлэсэн байдаг. Уул уурхайн салбарт яригдахдаа нэг нь нийгэм эдийн засгийн үнэлгээ, нөгөө нь байгаль орчны нийгмийн үнэлгээ гэсэн хоёр төрлөөр явсан байна.Нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг бол бас дангаараа байх боломжгүй юм байна. Учир нь юу вэ? гэхээр уул уурхайн төсөлд байгаль экологид зохих хэмжээний өөрчлөлтийг унаган төрхийг нь өөрчлөлт оруулдаг тодорхой хэмжээний байгалийн үр өгөөжийг муутгаж байж энэ бизнес явдаг. Ийм онцлог салбарынх нь хувьд нийгмийн нөлөөлөлгүй дангаараа байх боломжгүй. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг төрөөс гаргаж байгаа аливаа бодлого шийдвэрийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аль ч бизнес эрхэлснээр нийгэм хүн ам, өрх гэр, хувь хүнд ямар нөлөөлөл үзүүлж байгаа юм бэ тэрхүү нөлөөллийг л шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр судлаад гаргаж ирэх асуудал юм. Судалгаагаар гарч ирж байгаа нөлөөлөл нь ямар эрчмийн хэмжээтэй нөлөөлөл байх, түүнээс хэдий хэрийг нь сааруулж болох, хэдий хэрийг нь сааруулж бууруулж зайлсхийж  болохгүй юм байна гэдгийг нарийвчлан дүгнэнэ. Нийгмийн нөлөөллийг бууруулах менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр энэ төслийг хэрэгжүүлж болох юм байна гэдгийг гаргасан анхааруулсан баримт бичиг гардаг арга зүй байгаа  юм. Энэ бол тодорхой нэг ажил ч юм уу, бүтээгдэхүүн, тайлан гаргах ажил биш, энэ бол үйл явц тодорхой хэмжээнд нөлөөллийг үнэллээ, нөлөөллийг бууруулах эрсдлийг тодорхойлох арга хэмжээ авлаа, эргээд тэрийгээ дандаа үнэлээд бууруулаад, сааруулаад зайлсхийгээд явна. Хэрвээ хүний эрх ямар нэгэн байдлаар, нийгэм, хамт олны эрхийг зөрчих юм бол, доройтуулах юм бол нөхөн төлбөрийн асуудал яригдана, нүүлгэн шилжүүлэх асуудал яригдана. Манай улсын Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль, Газрын тосны хуулиудад “Хэрвээ тухайн төсөл хэрэгжүүлж байгаа компани нь хүний эрхэд ямар нэгэн  нөлөөл үзүүлэх юм бол, хүний өмч хөрөнгөд нөлөөлөл үзүүлэх юм бол түүнийг нүүлгэн шилжүүлэх, мөн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг гаргах, хэрвээ эрхийг нь доройтуулсан бол нөхөн төлбөр өгөх”  гэсэн заалт байдаг. Тэгсэн хэрнээ тэр нөлөөллийг яаж тогтоох, нөхөн төлбөрийг яаж тооцох, нүүлгэн шилжүүлэх зардлыг ямар арга зүйгээр тооцох юм бэ? гэдэг аргачлал нь байхгүй өнөөдрийг хүртэл явж ирсэн. Энэ аргачлалыг гаргах журмыг Засгийн газар тогтоож батлан гаргана гэдэг хуулийн зохицуулалт “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-д 2012 онд тус хуулийн 7.7 гэдэг заалтаар үүрэг болгогдсон байдаг. Монгол улсын Засгийн газар энэ аргачлалыг батлахгүй, энэ аргачлалыг боловсруулахгүй өнөөдөр ес дэх жил нь болж байна. Ийм л үйл явц яваад байна л даа.
 
Зөвхөн есөн жилээр ч тогтохгүй юм шиг санагдлаа. Монгол улсад уул уурхайн салбар хөгжөөд хичнээн жил болж байгаа билээ. Энэ хугацаанд нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь хийгдээгүй чимээгүй орхигдсон, хоцрогдсон мөн хохирсон хүний ямар эрх ашиг байна гэдэг чухал асуудал байх. Тэгвэл нэгэнт боловсруулсан аргачлалаа цаашдаа батлаад хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Хамгийн гол нь яаж тухайн нөлөөллийг үнэлэх вэ? хэдий хугацаанд үнэлгээ нь гардаг вэ? хичнээн  үе шаттай вэ? гэдэг талаас нь мэдээлэл өгвөл?  
  • Яг үнэн. Нийгмийн нөлөөлийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулахад зургаан сарын үйл явц явагдсан. Тэр нь юу вэ? гэхээр Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, нүүлгэн шилжүүлэх нөхөн төлбөр олгохтой холбоотой хууль тогтоомж яагаад хэрэгжихгүй байна вэ? гэдэг дээр судалгаа мониторинг хийж үзсэн. Монгол улсад уул уурхайн салбар 1990-д оноос эхэлж эрчимтэй хөгжиж эхэлсэн. “Алт нэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс эхлээд гэх юм бол тодорхой хэмжээний нийгмийн нөлөөлөл, хүний эрхийн нөлөөллүүд нилээн сөрөг байдлаар  хадгалагдсан. Энэ эрх нь зөрчигдсөн байдлаа нутгийн иргэд зарим талаар хүлээн зөвшөөрөх дасах, уул уурхай эрсдэлтэй юм чинь бид нар тодорхой хэмжээгээр хохирох нь тодорхой гэдэг хандлага хүртэл бий болох. Мөн энэ нөхцлөөс улбаалаад уул уурхайн салбар буюу эрдэс баялгийн салбар нийгмийн дэмжлэг авахгүй байх, нийгмээрээ айх, зэвүүцэх нөхцөлд хүрээд байна л даа. Тийм учраас нийгмийн нөлөөллийн үнэлгээ бол зайлшгүй чухал юм аа. Нөгөө талаас малчин иргэдэд өвөлжөө хаваржааны газрыг 15-60 жилийн хугацаатай эзэмшүүлдэг. Гэтэл энэ малчдад эзэмшүүлсэн талбай, малчдын эзэмшил газар дээр давхцуулаад уул уурхайн лицензийг 30 жилээр, 20, 20 гээд нийтдээ 70 жилээр олгож байгаа. Тэгэхээр малчин давуу эрхтэй юу? уурхайн компани давуу эрхтэй юу? гэдэг харилцаа үүсдэг. Энэ хоёр талыг яаж зохистойгоор тэнцвэртэйгээр хөгжүүлэх вэ? яаж зөрчилдөөн маргаангүйгээр авч явах вэ? гэдэг асуудлыг зайлшгүй төрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа улсууд анхаарах ёстой юм. Үүнийг зохицуулах арга хэрэгслийн нэг нь “Нийгмийн нөлөөлийн үнэлгээ” болж байна. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулах процессын турш бид мониторинг судалгаанууд хийж үзээд, үндэстний түвшний хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох яам агентлагууд, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас төлөөлөл оролцуулсан. Тэр хэлэлцүүлгээс ерөөсөө энэ аргачлал гэдэг зүйл байхгүй юм байна. Энэ аргачлалыг батлах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа юм байна гэдэг нь тодорхой болж байгаа юм. Яагаад энийг хийхгүй байгаад байна вэ гэхээр нэгдүгээрт хүсэл байхгүй, хоёрдугаарт тодорхой чадавхи байхгүй юм байна. Энэ талын мэдлэг ойлголт байхгүй юм байна. Яг үнэндээ уул уурхайтай улс орнуудад, Азийн бүсэд ч гэсэн нийгмийн нөлөөллийг тогтоохын төлөө эрх зүйн орчноо бүрдүүлсэн, аргачлалаа гаргасан улс бараг байхгүй юм байна. Хэрэв байвал Олон улсын санхүүгийн корпорациуд, Европын сэргээн босголтын хөгжлийн банк ч юм уу ер нь үндэстэн дамнасан томоохон хөгжлийн банкуудын санхүүгийн бодлогод байдаг юм байна. Танайх манайхаас санхүүжилт авч энэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бол зайлшгүй байгаль орчны нийгмийн нөлөөллийн үнэлгээ эсвэл эдийн засгийн үнэлгээ хийсэн байхыг шаарддаг. Монголд Европын сэргээн босголт хөгжлийн банк, олон улсын санхүүгийн корпорацийн санхүүжилттай “Оюу Толгой” төсөл, “Бороо гоулдын төсөл, МАК-ийн төслүүд, мөн Монполиметын төслүүд байна. Эд нар бүгдээрээ нийгэм эдийн засгийн болон байгаль орчны үнэлгээнүүдийг санхүүжилт олгосон байгууллагын шаардлагаар хийсэн туршлага байгаа учраас бас цоо шинэ зүйл хараахан биш. Монгол улс уул уурхайн салбараа 2030, “Алсын хараа 2050” бодлогодоо тэргүүлэх чиглэл байна гээд заачихсан. Тиймээс бид цаашдаа уул уурхайгаа хөгжүүлэх ёстой юм бол Нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлалгүй явж болохгүй гээд ЗГХЭГ-тай хамтрах хүсэлт тавьсан. Ингээд ЗГХЭГ-т салбар дундын ажлын хэсгийг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийг байгуулахад Оксфордын  Их Сургуулийн Монгол улсад хэрэгжиж байсан “Говийн загвар” төсөл ихээхэн дэмжлэг болсон. 2019 оны 12 сард болсон хэлэлцүүлэг дээр Оксфордын Их сургуулийн “Говийн Загвар” төслийн багийн судлаачид сонирхож оролцсон. Оролцоод дараа нь бид нарт санал тавьсан “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ” боловсруулах арга зүй дээр хамтарч ажиллая, дэмжлэг үзүүлье, Оксфордын мэдлэг чадвартай багш нар, судлаачид, зөвлөхүүд профессоруудаас зөвлөгөө авъя гэдэг байдлаар хамтарч ажлын хэсэг байгуулагдаад зөвлөх багийг нээлттэй сонгон шалгаруулахаар зарласан.  Яг ийм чиглэлийн арга зүйг боловсруулах гэж байна, энэ дээр сонирхож байгаа үндэсний судлаач нарыг бид нар саналаа хэлэхийг хүсэж байна гэдгээ хэлсэн. Яагаад Үндэсний хэмжээнд гэхээр олон улсын түвшинд янз бүрийн шинжлэх ухааны байгууллагууд нэгдээд гаргасан салбарын арга зүйнүүд байна уу байна. Хамгийн гол нь Монголын тархай бутархай тал нутаг,  уул уурхайн  салбар ингэж давамгай эрчимтэй хүчтэй Засгийн Газрын дэмжлэгээр хүчтэй хөгжиж байгаа ийм улс оронд, тэгээд нүүдлийн мал аж ахуйтай оронд үндэсний онцлогоо шингээсэн арга зүй гаргах хэрэгтэй байна гэдэг үүднээс үндэсний таван зөвлөхийг сонгож ажилласан. Багийнхан маань энэ аргачлалыг боловсруулж дуусаад 2021 оны эхэнд Засгийн Газарт хүлээлгэж өгсөн. Төсөл эхлэхдээ Засгийн газраас, төрийн байгууллагаас тусгай зөвшөөрлүүдийг авдаг. Бид нарын ярьж сурсанаар лиценз авдаг, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэх гэж байгаа бол тусгай зөвшөөрөл эрхүүдийг бас авч байгаа. Зөвшөөрөл авах баримт бичгийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-г урьдчилаад хийлгэсэн байна гэдэг  үе шат яваад байгаа юм. Тэгэхээр төсөл эхлэхээс  өмнө тухайн газрын иргэд ямар нөхцөлд, нийгэм эдийн засгийн, экологийн ямар нөхцөлд амьдар ч байгаа юм бэ гэдэг суурь судалгаа, суурь мэдээллээ гаргаж авах нь их чухал. Ингэж харьцуулж байж дараагийн үйл явц,  анх энэ төсөл эхлэхэд 2005 онд ийм байсан, өнөөдөр ийм 14 жил  боллоо. Нөлөөлөл ямар  хэмжээнд гарч ирж байна вэ? гэдгийг урт хугацааны түүхийн дата мэдээлэлд үндэслэж заавал үнэлэх шаардлага гарч ирж байна. Тийм учраас суурь үнэлгээ мэдээлэл бол маш чухал бичиг баримт болох учраас төсөл эхлэхийн өмнө хийнэ, нэгэнт эхлэсэн бол явцын дунд сайжруулалт хийгээд дахин үнэлгээ хийгээд, мониторинг хийгээд явах үйл явц гэж боловсруулсан.
Үнэлгээнд тусгагдаж байгаа зүйлс маш өргөн хүрээнд байх шиг байна. Амьдралын хэв маяг нь яах юм, хувь хүн болон гэр бүлийн амьдралд нь яаж нөлөөлөх юм, өдөр тутмын амьдрал нь яаж байна, эдийн засаг нь ямар байгаа юм гээд энэ бүхнийг яаж багтааж үнэлэх вэ? гэдэг нь хамгийн чухал юм байна. Үнэлгээ нь яг бодит гарах уу гэдэг нь бас нэг асуудал ?
  • Энэ бол маш чухал асуулт. Хамгийн гол санаа зовоож байгаа зүйл энэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх арга зүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах арга зүй, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр боловсруулдаг, энэ дотор нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийнэ, нөлөөллийн бүсэд байгаа хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой гэсэн үнэлгээ байгаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 44-р заалтаар тухайн төсөл хэрэгжиж байгаа бол бүс нутгийнхаа, орон нутгийнхаа иргэдийн эрүүл мэндийг, нийгмийн аюулгүй байдлыг хангах үүргийг төсөл хэрэгжүүлэгчид даатгасан заалтууд байгаа.  Хамгийн гол нь тэрийг хэрхэн бодитой үнэлсэн бэ, бодитой зөв тайлан гаргасан уу, тэрийг маш чанартайгаар хүлээж авсан уу, мэргэжлийн зөвлөлүүд хүлээж авсан уу? Гэдэг асуудал анхаарал татаж байгаа, санаа зовоож байгаа асуудал. Тийм учраас нийгмийн нөлөөллийн үнэлгээг үнэлэхдээ өрх гэрийн хувьд, нөлөөллийн бүс гэдэг нь яг уул уурхайн үйл ажиллагаа явуулснаар орчинд үүсч байгаа тоосжилт хэдэн км-т явж байгаа юм, тээвэр хэдэн км-т  явж байгаа юм, дуу чимээ, тэсэлгээний дуу чимээ, химийн бодисны үнэр гэх мэтчилэн үйл явц хаанаас хаана хүртэл нөлөөлж байгаа юм бэ? тэр хамарч байгаа хүрээг л нөлөөллийн бүс гэж байгаа юм. Нэгэнт л малчдын өвөлжөө, хаваржаан дээр давхцуулаад уул уурхайн лиценз олгосон байгаа учраас тэр бүс нутаг дотор байгаа иргэдийг нөлөөллийн бүсийн иргэд гэж байгаа. Яг тэр нөлөөллийн бүсийн иргэдэд тэр төсөл хэрэгжсэнээр, тоосжилт гарснаар эрүүл мэндэд нь ямар нөлөө үзүүлж байгаа вэ? тоосжилтоос болоод астматай болсон хүн хэдий хэмжээний эмчилгээний зардал гаргаж байна. Сум руу явдаг зам нь уурхайн лицензэд ороод хашигдчихлаа гэж бодвол 20 км явдаг газар 40 км явж байгаа шатахуун, гарах цаг хугацаа гэдэг ямар байх вэ?. Уул уурхайн үйл ажиллагаа явагдаад бэлчээр хомсдоод ирэхээр малдаа гаргадаг цаг хугацаа илүү их болж байна. Зөвхөн гэртээ цагаан идээгээ боловсруулж суух биш малын бэлчээрт байх цаг нь их болчихдог. Бэлчээр хомсдоод ирэхээр зөвхөн өрх гэрийнхээ малыг бодохоос саахалт айлын амь нэг байдаг Монгол уламжлалд нь өөрчлөлт гараад ирж байгаа юм. Тиймээс өргөн хүрээнд гарч байгаа өөрчлөлт бүрийг үнэлэх асуудал байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг л хийдэг байсан байгаль орчны салбарынхан нийгмийн салбарын асуудлын талаар үнэлгээг хийж чадахгүй. Нийгмийн салбарын үнэлгээний мэргэжилтнүүд, антропологичид, хүний эрхийн хүмүүс, сэтгэл зүйчид байх хэрэгтэй болж байна. Үүнийг дагаад үнэлгээчдийг бэлдэх, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг татаж оролцуулах асуудал маш чухал болж байна. Ингэж байж бидний үнэлгээ бодитой гарч ирнэ. Бид нар “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ээр найман зүйлийн үнэлгээг авч үзэхээр тусгасан. Эдийн засгийн, хүний эрх, эрүүл мэнд, боловсрол, алдагдсан боломж буюу өнөөдөр нэгэнт үйл ажиллагаа явуулаад эрх ашиг нь хохирчихсон байгаа иргэдийн хохирлыг яаж үнэлэх вэ? Ялангуяа Архангай аймгийн Цэнхэрийн Орхон багийн иргэд, Заамарынхан, Өвөрхангайн Уянга сум. Аль хэдийнээ хохирол амсчихсан байгаа хүмүүсийн хохирлыг яг яах вэ? яаж үнэлэх вэ гэдэг асуудал бас гарч ирнэ. Тэгэхээр энэ дээр бид нийгмээрээ анхаарч төр засаг, хувийн хэвшил, бүх нийтээрээ, нийгмээрээ л энэ рүү анхаарахгүй бол тэгж амархан нутагшихгүй, амархан ойлгогдохгүй, амархан хүлээн зөвшөөрөгдөхгүй, ажил болоод байгаа юм. Яалт ч үгүй хийхээс өөр арга байхгүй.
Нөхөн олговор, нүүлгэн шилжүүлэлтийн зардлын тухай л ихэвчлэн яригдаад байдаг. Гэтэл яг бодит байдал дээр нийгмийн нөлөөллийн үнэлгээ, үнэхээр байгаль орчны үнэлгээтэй хамт хийгдээд хохирсон нутгийн иргэд нөхөн төлбөр аваад явдаг тийм бодит кейс байна уу?
- Нөхөн төлбөрийн хувьд олон улсын санхүүгийн корпорациудаас санхүүжилттэй компаниудад стандарт байдаг. Хэрвээ танай төслөөс ямар нэгэн байдлаар зайлшгүй тохиолдолд нүүлгэн шилжүүлсэн нөхөн олговор олгох шаардлага гарах юм бол нөхөн олговрын бодлоготой байх, нөхөн олговрын төлбөрийн сантай байх, нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөтэй байх гэсэн шаардлагуудыг тавьдаг. “Оюу-Толгой” төслийн хувьд 2004 онд 11 айлд нөхөн төлбөрийг өгсөн, нүүлгэн шилжүүлсэн байдаг. Цаашаа үе шаттайгаар явсаар байгаад 100 гаруй айлд нүүлгэн шилжүүэх, нөхөн төлбөрийг өгсөн байдаг. “Нөхөн төлбөр гэдэг бол бэлэн мөнгө биш” гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. “Нөхөн төлбөр гэдэг бол амьжиргааг нь тасалдуулахгүй өнөөдрийн байснаас нь илүү дордуулахгүйгээр яаж тэтгэх вэ” гэдэг асуудал. Тэгвэл малчны ур чадварыг нь хөгжүүлэх, бизнесийг нь дэмжих, таатай байдлаар малаа бэлчээх орчныг нь бүрдүүлэх, малын үйлдвэрийг нь сайжруулах гээд аль нь ч байж болно. Эсвэл хүүхдүүдийн сургалтын төлбөрийг нь дааж болно, тухайн орон нутагт нь мал эмнэлэг байгуулж өгч болно гэх мэтчилэн нөхөн төлбөр гэдэг бол зөвхөн бэлэн мөнгө биш юм гэж харж байгаа.  

Монгол улсад өнөөдөр уул уурхайн нөлөөллийн бүсэд орсон хичнээн аймаг, сумд байна вэ? Энэ бүхнийг тооцож үзсэн үү?

- Ашигт малтмалын газрын вебсайт дээр бүх лицензийн мэдээлэл аймаг, сумаар гарсан байдаг. “Олборлох үйлдвэрлэлийн ил тод санаачлага” цахим хуудас руу орохоор мэдээлэл байна. “Opendata.gov.mn”-д бас мэдээллүүд байгаа, ил тод байдаг. Газрын кадастрын зураглал гээд олон эх сурвалжуудад уул уурхайтай аймаг сум хаана байгаа вэ? гэдгийг харахад ойлгомжтой болсон. Эндээс авч үзвэл Монгол улсын хэмжээнд 330 сум бол бараг л 90% нь бүгд лицензтэй байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын лицензийг олгодог болсонтой холбоотойгоор аймгийн төвүүдийн сумдууд лицензтэй болсон. Ингээд аваад үзвэл 21 аймаг, Улаанбаатар хот, дүүргүүд ч лицензтэй бүгдээрээ л уул уурхайн нөлөөллийн бүсэд байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 2800 орчим лиценз байна. Оргил үедээ бол 5600 хүрч байсан, 2800 лицензийн дор хаяж нэг лицензэд 2 малчин өрх юм уу, 2 иргэн, 2 айл өрх байлаа гэж хамгийн багаар бодоход 5600 өрх айл уул уурхайн нөлөөллийн бүсэд тоосжилт, дуу чимээ, чичиргээ ихтэй нөхцөлд амгалан тайван бус амьдарч байна гэсэн үг.
“Нийгмийн нөлөөллийн үнэлгээ” гэж юу юм гэдэг талаар ойлголттой боллоо. Одоо нэгэнт боловсруулсан бэлэн болсон аргачлалыг хэрэгжүүлэх нь чухал байна. Засгийн газар батлах нь чухал байна? Та бүхний зүгээс нэлээн хүлээлт үүсээд байна уу?
  • Нэгдүгээрт, нэгэнт ЗГХЭГ-т ажлын хэсэг байгуулагдсан, үүнийг засгийн газрын ажлын хэсэг гэж ойлгож байгаа учир бид хамтдаа ажиллаад “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал”-ын төслийг боловсрууллаа. Үүнийг Хууль тогтоомжийн хуулиараа байна уу, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиараа, холбогдох хуулиудаараа сонсгох зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулаад, аргачлалаа нэн дариу батлаад үе шаттайгаар хэрэгжүүлэх ажил руу анхаарах шаардлагатай байна. Нөгөөтээгүүр Засгийн газар салбар хоорондын зохицуулалтыг хийх нэгдсэн зохион байгуулалтыг хийхэд анхаарлаа хандуулах шаардлага байгаа. Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам нь уул уурхайн нийгмийн салбарын үйл ажиллагаанд зайлшгүй оролцох хэрэгтэй гэж харагдаж байна. Уул уурхайн салбар нь орлогыг бүрдүүлээд, уул уурхайн бодлогыг хөгжүүлээд ирдэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь тэндээс олсон мөнгийг нь зөвхөн халамжаар тараах зохицуулалтыг хийдэг байж болохгүй. Хөдөө аж ахуйн яам нь мал аж ахуйн салбарынхаа бодлогыг уул уурхайн салбарын бодлоготой яаж уялдуулж авч явах вэ, яаж тогтвортой хөгжүүлэх вэ, хоёр салбар бие биенээ дэмжиж ажиллах вэ гэдэг дээр Хөдөө аж ахуйн яамны бодлого зохицуулалт дутагдаж байна гэх мэтээр БОАЖЯ, ХХААХҮЯ, Зам тээврийн яам, ХНХЯ гээд олон яамдын үйл ажиллагаа, уялдаа холбоо сайжрах хэрэгтэй болж байна. Гаалийн байгууллагууд нь хүртэл экологид ямар ул мөр үлдээж хүмүүсийн эрхэд яаж халдаж нийгэмд ямар үр нөлөө үлдээгээд тээвэрлэлт хийгдэж байна гэдэгт анхаардаг тийм бүх салбар дундын бодлого нэгдсэн зохицуулалт зайлшгүй шаардагдаж байгаа учраас үүнийгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яамдууд анхаарах хэрэгтэй, өөриймшүүлэх хэрэгтэй, хариуцлага гэж харах хэрэгтэй болж байна. Мөн иргэний нийгмийн байгууллага, ХЭҮК, энэ чиглэлийн байгууллагууд, орон нутгийн захиргаа хамт шийдвэр гаргадаг байх ёстой. Эхнээсээ зөв бодлогоор хариуцлагатай, хамтын ажиллагаатай бүх талууд тэгш оролцоотой явах юм бол хөгжил дэвшил дагуулах боломж байна. Иймд л “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал”-аа тал талаас нь дэмжээд, саналаа тусгаад илүү сайжруулаад нэн даруй батлаж хэрэгжүүлэх шаардлага байна.
Ярилцсанд баярлалаа