Ангилал: Хөндөх сэдэв
Ишиг эврээ ургахлаар эхийгээ мөргөдөг
“Ишиг эврээ ургахлаар эхийгээ мөргөх” гэж мэргэн үг бий. Нэлээд хэд хоногийн өмнө МУСГЗ , сэтгүүлч И.Ренчинханд надад цаг агаар, байгалийн гамшигт үзэгдлийн тухай хэдэн асуулт тавьдаг юм. Сонинд гаргах гэнэ. Тэр хүн насаараа “Өнөөдөр” сонинд ажиллассан асар их туршлагатай сэтгүүлч, “Өнөөдөр” сонины залуусын хувьд бол хамгийн хүндтэй бурхадын нэг байх. Тэгтэл түүний бэлтгэсэн материалыг мөнгөөр нийтлэнэ гэсэн утгатай хариулт өгчээ. Нэг нүүр материал нэг сая гэж. Уул нь тэд Ренчинхандаас сая төгрөг нэхэх биш түүнээс сая төгрөгөөр худалдан авч нийтэлмээрсэн гэж бодогдоод түүний тавьсан асуултанд өгсөн хариултаа фээсийн найзууддаа хүргэхээр шийдлээ. Речинхандаасаа ч зөвшөөрөл авсангүй, уучлаарай. Сэтгүүлч бид чинь “олсон олзоо” бушуухан л уншигч олондоо түгээхийг хүсдэг, тэгэх ч үүрэгтэй билээ./ Д.Шагдарсүрэн Цаг уурч, Сэтгүүлч, МУСГЗ/
-Энэ бороо Хайрханы араас хөллөсөн гэх мэтээр монголчууд ярьдаг. Тэгвэл шороон шуурга хөллөх гэж бас байх уу? Өнгөрсөн сарын 14-ны гамшигт шороон шуурга чухам хаанаас хөллөв? Өөрөөр хэлбэл хаанаас эхлэв? Монгол орны нутаг дэвсгэр дээрээс босов уу, эсвэл хөрш орноос хил алхаж орж ирэв үү?
-Юуны урьд энэ бол миний хариулах асуут биш. 11326609 юмуу 11326603 дугаарт залгаад учрыг олоорой. Миний хардлагаар бол Баянхонгор, Өвөрхангайн урд хагас, Өмнөговийн баруун хагасаас хүч авсан болов уу. Учир нь энэ бүс нутагт “Алт” хөтөлбөр хамгийн амжилттай хэрэгжиж түүний үрээр газрын хөрс эвдэрч, нунтагшиж өчүүхэн төдий салхи сэвэлзэхэд хамрын тамхи шиг нунтаг шороо босдог болсон билээ. За тэгээд Дундговь ч хөрсний талхагдалд чамгүй нэмэр өгч байгаа нутаг. Говийн бүс нутагт ил уурхай гэдэг ямар гай гамшиг авч ирдэгийн нотолгоо, баталгаа боллоо. Зөвхөн ухсан нүх төдийгүй хүнд даацын олон машин хөндлөн гулд давхилдах нь хөрсийг сайтар нунтагладаг байна. Ер нь агаар мандлын урсгалын хувьд төв Ази дамнасан бүслэг /өргөрөгийн дагуу/ хүчтэй урсгал байсан ч хилийн чанадад бол хөрс нь эрүүл, ойжуулалт их хийсэн болохоор сул шороо багатай байх гэж боддог шүү.
-Манай олон аймагт гамшиг болсон энэ шороон шуурга хаана хүрээд зогссон бол? Монголоос ирсэн шар түйрэн Хятад, Солонгос, бүр Японд хүрсэн байна гэх яриа байдаг учраас ийн асууж байна.
-Оросоор “Камчатка-края циклонов” гэж үг бий. Цаг уурчдын, тэр дундаа синоптикчдын л дундах хэлц үг. Учир нь дунд өргөрөгийн бүсийн эх газарт үүссэн наран буруу эргүүлэгтэй, циклон хэмээх хуйлраа газрын гадаргаас дээш 5 буюу түүнээс илүү өндөрт байдаг агаарын хүчит урсгалын нөлөөгөөр зүүн тийш шилжихдээ Азийн зүүн эргийг даган хойш өгссөөр Камчаткийн хойг хүрээд “дүүрдэг” буюу энерги нь дуусч замхардаг юм. Энэ л замд Хятдын зүүн хагас, Солонгосын хойгийг бүхэлд нь хамарч Япон, Сахалины арлуудыг дайрдаг.
-Ийм шуурга тавьж болзошгүйг урьдчилан хүмүүсийн, тэр дундаа малчдын сонорт хүргэж байсан гэж та “Өдрийн сонины” сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байсан. Та үүнийг хэдэн өдрийн өмнөөс, яаж мэдэв? Шуурга дэгдэхээс хэдий хэр хугацааны өмнө, ямар шинж тэмдэг анзаарагддаг юм бэ?
-Уучлаарай энэ чинь би мэдлэгтэй сайндаа ганцаараа урьдчилж мэдчихээд л хашгираад байсан хэрэг биш шүү. Цагуурын шинжлэх ухааны хөгжил дэвшлийн үр дүн. “Малчин” ТВ сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагт дараа сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг байгаль шинжих ардын уламжлалтай холбон тайлбарладаг юм. Энэ удаад тэр нэвтрүүлгээ бэлтгэх гэж 3 дугаар сарын 12-ны 10 цагт Ус цаг уур, орчны шинжилгээ мэдээллийн хүрээлэнд очиж “тэнгэрийн зураг” сэлттэй танилцаж, цаг уурч нөхөдтэйгээ ярилцсан юм. Байдал эрс муудах, онц хүчтэй шороон шуурга тавих нь тодорхой болсон тул “Шинэ сарын шинж” нэвтрүүлгээ хийхийн өмнө энэ тухай малчиддаа яаралтай мэдээлэх хэрэгтэй юм байна гэж шийдээд Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас зөвшөөрөл авснаар инженер Э.Энхзаяагаас яриа авч ажил дээрээ очоод телевизийн удирдлагуудад учрыг хэлснээр 14 цагийн шууд нэвтрүүлэг дундуур энэ мэдээллийг цацсан нь хамгийн түрүүнд олны сонорт хүрсэн мэдээлэл болсон юм. Араас нь ЦУОШГ тогтсон цагтаа дохио зангаатай мэдээгээ явуулаад л, хуулийнхаа хүрээнд ОБГ ч “мэдээлээд” л сүйд болно биз дээ? Тэгэх л ёстой юм хойно. Дашрамд хэлэхэд радио, телевизийн шууд нэвтрүүлгийг тасална гэдэг бол “бөх зүрх” шүү. Би “Малчин” ТВ-ийнхээ удирдлагуудад баярладаг юм. Миний үгэнд ороод л “тэг тэг” гэж байдагт нь.
-Өнгөрсөн намрын дунд сарын 15-нд Дундговийн тодорхой газруудаас цагийн байдлыг шинжихэд ирэх хавар тэнгэр хангай ийн зангаа хувиргах шинж төлөв мэдэгдсэн болов уу?
-Үгүй. Тэд “ерөнхийдөө хүйтэн өвөл болно, салхи ихтэй байна. Их угтаал, Баян-Уулаас урагш арай гайгүй, хойгураа хатуухан болно” гэсэн.
- Ер нь байгаль цаг уураа байнга ажиглаж, түүний ааш араншинд амьдрал, ажил төрлөө зохицуулж байдаг малчид тэнгэр бурхан ийм муухай ааш гаргахыг тааварлаж байсан болов уу? Энэ талаар хэн нэгэн өөртэй чинь санал солилцож, бодлоо хуваалцаж байв уу?
-Үгүй. Энэ бол салхины хурдаараа ч, үргэлжилсэн хугацаагаараа ч цаг агаарын үзэгдлийн хувьд байдаг л нэг онц аюултай, хүчтэй салхи. Хамгийн учир нь манай төрийн бодлогоор хэрэгжиж байгаа “Алт” хөтөлбөр, “Алсын хараа-2050”-аараа баталгаажуулан зүтгүүлж байгаа уул уурхайн үйлдвэрлэлийг улс орны хөгжлийн тэргүүн зэрэгт тавьж байгаагийн уршиг. Би уурхайд дургүйдээ биш. Орчин үеийн технологи ашиглаж, зам тээврийн асуудлыг урьдчилан шийдвэрлэж, нөөций нь тогтоосон ордуудаа ээлж дараатэй, тодорхой төлөвлөгөөтэй ашиглаж үр шимий нь хүртэхийг би дэмжилгүй яахав. Тэгтэл олсон бүх ордоо нэгэн зэрэг ашиглах гэж газрын хөрсийг зэрэг зэрэг орвонгоор нь эргүүлж байгаа нь ийм байдалд хүргэж байна. Энэ янзаараа яваад байвал ийм аюул гамшиг нэгээр тогтохгүй байх. Өнөөдөр газрын дорх баялагийг тэнд нь олборлож, боловсруулаад хөрсөн дээр нь ургамал нь ургаж, нуур цөөрөм нь тогтож, шувууд нь жиргэж байдаг тийм технологи аль хэдийн нэвтэрчихсэн байна шүү дээ. Тэгэхлээр нэг уурхай дээр ийм технологи нэвтрүүлээд эхэлбэл бусад нь дагана шүү дээ. Тэднийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Өнөөдөр ухсан нүхээ булах, булсан шороон дээрээ ургамлын үр цацах төдийхнийг л нөхөн сэргээлт гээд байна шүү дээ.
Сонирхуулж хэлэхэд одоогоос хорин хэдэн жилийн өмнө би Жвейцарийн Женев хотод нэг хуралд очихдоо хотын дунд нэгэн жижиг нууртай, тэр нь хөөрхөн зэгстэй, шувууд жиргэж байхыг харсан юм. Тэгтэл өнөөх нуурын чинь дороос машин тэрэг гарч орж давхиад байх. Намайг зугаацуулж яваа элчингийн жолоочоос учрыг асуувал газар дор авто машины зогсоол хийчихээд дээр нь нуур цөөрөм тогтоочихсон байгааюм гэж тайлбарлаж билээ. Улаанбаатарт зогсоолын хэрүүл болж байхад ийм юмыг ч ашиглаж болмоор л юм.
- Ийм гамшигт үзэгдэл болдог улс орон энэ дэлхийд манайхаас өөр олон байна уу? Тийм улс хаана байна. Тодорхой жишээ баримт хэлэх боломж байна уу?
- Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, хүч эрчим, хамрах нутаг дэвсгэр жилээс жилд ихссэр л байна. Энэ хавар гэхэд Суэцийн суваг элсэнд дарагдаж хичнээн хоног далайн тээврийн хөлөгүүд гацав даа. Европ, Дунд ази гээд цас ордоггүй, орсон ч үзэгдээд өнгөрдөг газруудад урьд өмнө байгаагүй их цас уналаа. Ява, Суматри, Индонезийн бүлэг арлуудаас агаар мандлын болоод далайн урсгалын онцлог нөлөөллөөр тропикийн циклон хэмээх хүчит шуурга үүсээд энэ ярилцлагын эхинд хэлсэн өнөөх Камчатка чиглэн Азийн зүүн эрэг даган хойш өгсөхдөө замд тохиолдсон эрэг хойг, арал, булан, далай тэнгисийг дайран түйвээдэг. Үзэгдлийн аюумшигтаа гол нь биш өртөх магадлал ихтэйдээ л их гамшиг болоод байгаа хэрэг.
- Ийм гамшиг аяндаа үүсдэг байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл хүмүүс бидний үйл ажиллагаанаас үүдэлтэй, байгаль өөрт нь хайр гамгүй хандсаны өшөөг авч байгаа явдал уу?
-Энэ асуултанд би дээр хариулчихсан шүү дээ.
- Дахиад тохиолдох ийм гамшиг ээлжээ хүлээж буй бол түүнээс хохирол бага үзэхийн тулд хүмүүс, малчид, төр засаг юү хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Төрийн бодлогын түвшинд эхлээд газрыг хөрсжүүлэх. Дундговьд зарим газар хөрс бүр байхгүй цементэн шал шиг болсон гэж малчид ярьж байна. Дараа нь хөрсийг ургамалжуулах. Ойжуулах. Хятадууд арваадхан жилийн өмнө нүцгэн байсан Даланхарын нурууг битүү ой болгочихсон байхыг би хоёр жилийн өмнө нүдээр үзэв. Нүцгэн хадан уул л байсан шүү дээ. Бид хятадуудад атаархахдаа “хүний олноор зодож” гэх нь бий. Манайх хүн цөөндөө биш хүсэхгүй, хөдлөхгүй байна. Энэ хавар, зун саяын гамшигт өртсөн нутагуудад сүү сааль, айраг цагаа гэж ярих юмгүй болж байгаа байх. Малын тоо ч эрс цөөрнө. Үхэл одоо улам их болж байгаа байх. Элсэнд дарагдсан малаас амьд үлдсэн нь шигсэн элсээ шилгээгээд унагачих чадалгүй сөхөрч унаж байгаа. Одоо үлдсэн малаа “нүүлгэн шилжүүлэх, тараан байрлуулах” ажилд зохион байгуулалттай орох хэрэгтэй. Энэ бол гамшгийн аюулыг бууруулах буюу сэргээн босголтын арга хэмжээний нэг хэлбэр шүү дээ. Онцгой байдлын газар цаг агаарын мэдээг цаг уур, орчны шинжилгээний газраас аваад давхардуулан зарлаж эцэст нь “манайх тэгж мэдээлсэн” гэж суухын зэрэгцээ энэ нөхөн сэргээх ажлыг л ёстой ОНЦГОЙ хиймээр байгаа юм даа. Урьдчилж мэдээлэх гэснээс цаг агаарын прогноз гаргана гэдэг аливаа юмс холоос харахад бүдэгхэн байгаад ойртоод ирэхлээр улам тодроод, бүр “хажууд ирэхлээрээ” зүс царай нь танигдаад ирдэг шиг сарын өмнөөс тойм тодий байгаад хагас сар, 7 хоног, 5,2, 1, бүр хагас хонгийн өмнөөс “харахлаар” улам сайн мэдэгдээд ирдэг учир урт, дунд, богино хугацаагаар дахин дахин нягталж гарган мэдээлдэг юм. Одоо бүр “тэг хугацааны урьдчилал” бидэнд маш хэрэгтэй байна. Би хоёр хоногийн өмнөөс мэдээлсэн гээд маадгар хэлж байна. Гэвч хоёр хоногийн өмнөөс яг ийм аюул болно гэж хэлсэн үү? Үгүй шүү дээ. Тиймээс үд дунд лаа барихгүй бол юм үзэгдэхгүй харанхуй болохыг хэн ч хэлээгүй. Хэн ч мэдээгүй. Тэгвэл ялангуяа малчдын хувьд салхин дээд талд ийм аюул нөмрөөд ирүүт доорх айлдаа хэлдэг тийм мэдээллийн систем хэрэгтэй байна. Ялангуяа говь, хээрийн бүс нутагт. Ийм аюулаас амжин сэрэмжлүүлэх холбоо мэдээллийн систем дэлхийн түвшинд хэрэгждэг. Үүнийг шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Норжмоогийн Тогтох олон жилийн өмнө өөрийн санаачлага, хүч хөрөнгөөр бүтээчихсэн. Гурван ч газар байгуулчихсан юм. Үүнийг орон нутгийн удирдлага, засгийн газрын түвшинд анхаарч дэлгэрүүлэх хэрэгтэй санагдаад байх юм. Энэ бол зөвхөн салхи шуурга төдийгүй гал усны аюул, тэр ч байтугай алдсан малын эрэл, тагнуул туршуулын мэдээлэлд ч ашиглаж болох онцгой ач холбогдолтой систем юм. Үүнийг анхаараасай.
- Ийм гамшгийн учруулсан хор уршиг, хохирлыг арилгахын тулд бид юү хийвэл өгөөжтэй бол?
- Та бичдэгээ, би ярьдагаа энэрүү чиглүүлж байгаа минь нэг л хувь нэмэр байх. МҮОНТ-ээр Дундговийнхны хандивын тоглолт үзээд Булган аймгийн Сэлэнгэ сумын малчин Бор гэдэг хүн маргааш өглөө нь надруу утасдаж байна. Бүр ажил болгож “Малчин” ТВ-ээс миний утасны дугаарыг авсан гэнэ. Тэр хүн “Дундговийн малчид сүйд болсон юм байна. Манай гадаа 1000 боодол өвс байна. Би түүнийгээ үнэгүй өгье. Хэрэгтэй газар нь ирээд авна биз. Та дамжуулаад өгнө үү?” гэж байна. Сайхан сэтгэл шүү? Би Борын хүсэлтийг тэр дор нь дамжуулсан чинь Хулд суманд өгөхөөр болжээ. Харин Хулд сумын удирдлагууд 4 сарын 4 болтол авч амжаагүй л байна билээ. Хамгийн их нэрвэгдсэн газар нь Хулд мөн ч юмуу, арай зүүнтэйгүүрх сумд гамшигт илүү өртөв үү гэж бодож байсан юм. За тэр ч яахав орон нутгийн улс мэдэж шийдээ биз. Харин хүн тийм их тусламж үзүүлж байхад түргэхэн тосоод авчихгүй дээ гэж бодож байна. Одоо бид малаа төдийгүй малчдаа бодох хэрэгтэй. Эрүүл мэнд, хүнс тэжээлийн их тусламж хэрэгтэй. Шороон шуурга зогссон болохоос гамшиг зогсоогүй байгаа шүү.