2024-11-23
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Хөндөх сэдэв

Хамаатай харин ч их хамаатай

2021-04-10 13:26:02

“Цогтцэцийгээс зүүн болон урагшаа 700 орчим км урттай 2 төмөр зам баригдаад дуусаж байна." Зандаахүүгийн Энхболд твитэртээ ингэж бичжээ. Баяр хүргэе. Ийм түүхэн шийдвэр гаргасан тул бид өнөөдөр түүний үр шимийг хүртэж хувьцаа, мувьцаа гэж мэддэг, бүр нэхдэг болж байна шүү. Тэгэхдээ нэг асуух зүйл байгаа юмаа. Төмөр ч бай, шороо ч бай, асфальт ч бай зам гэдэг хоёр талаараа заавал "вуфер" бүстэй байдаг. Талын бэлчээр дундуур зурайсан машины замыг ажвал хоёр дугуйн дундах хэсэг, бас хоёр дугуйн гадна талаар өтгөн өвс ногоо ургасан байдгийг бид мэднэ. Харин асфальтан замын хоёр хажуугаар юу байдаг вэ? Та нүдээ аниад боддоо?

Тэгвэл төмөр замын тухайд хоёр талаар нь юу байдаг билээ? Өргөст торон хашаа. Тиймүү? Үүнийг хангайн бүсэнд, тал хээрт, говь цөлд төмөр замаас хоёр тийш төчнөөн м-ийн зайд өргөст торон хамгаалалт хийнэ гэсэн СТАНДАРТ байдаг уу? Би үнэхээр мэдэхгүй учраас намайг уншигч та олноос тусламж хүсч байгаа юм шүү. Үүний цаад талд 700 км төмөр зам барихад хоёр талын хамгаалалтын торон хашаатайгаа нийлээд хэдэн ам километр талбайг "хашдаг" вэ? гэсэн тоо гарах ёстой. Энэ нь эргээд тухайн аймаг, сум, багийн нутаг дээгүүр хэдэн га бэлчээрийг ашиглах боломжгүй болгов гэдэг үнэлгээ дүгнэлт гаргахад чухал хэрэглэгдэхүүн болох юм. Ер нь төмөр зам барих ажилд БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ, тэр тусмаа НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ гэж юм хийдэг юм болов уу ч гэж бодох болов. Үүнийг та олноос асуух нэг шалтгаан байгаа юм. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нэг малчин "Манай гадуур төмөр зам тавьж байгаагаас болоод бид усандаа /худаг шүү дээ/ 7 км явж очдог байсан чинь одоо 23 км явж очдог боллоо" гэж хэлсэн явдал юм. Монгол улс 110 сая га бэлчээртэй гэж бичээд л байгаа. Түүнээс өнөөдөр төр хэдийг нь булааж авч байна вэ, түүнийхээ төлөө малчид, нутгийн иргэдэд хэдэн хувийн НӨХӨН ОЛГОВОР олгож байна вэ.

Энэ асуудлаар ХХААХҮЯ-ны мал аж ахуйн газрын даргад хандсан чинь "ТӨМӨР ЗАМ МАНАЙД ЯМАР ХАМАА БАЙДАГ ЮМ?" гэж их эгдүүцэнгүй хариулсан юм. Тэгээд би хамаатай, харин ч их хамаатай" гэж бодоод үүнийг бичиж байгаа хэрэг. Бэлчээр дундуур төмөр зам, засмал зам барих, уурхай, хот тосгон байгуулах, өндөр хүчдэлийн шугам татах... энэ бүхэнд бэлчээр усаа "булаалгаж" байгаа малчдад хохирлыг арилгах, нөхөн төлөх ажлыг ТӨР ХАРИУЦАХ ёстой юм.

Нийтлэлч: Д.Шагдарсүрэн Цаг уурч, сэтгүүлч МУСГЗ