Ангилал: Эрүүл мэнд
Л. Баттөр: Хөл хорионы төгсгөл үед бүр ч олон нас баралт гарах магадлалтай
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,220 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,220 хүнээс коронавирус илэрчээ.
Өөрөөр хэлбэл цар тахал гарснаас хойш 24 цагийн хугацаанд Монгол Улсад бүртгэгдэж буй хамгийн олон тохиолдол болж байна.
Өнөөдрийн /2021.04.14/ байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 17,823 боллоо. Сүүлийн 24 цагт 366 хүн эдгэрсэн бол 44, 49 настай хоёр хүн халдварын улмаас нас баржээ.
Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 10,253 болоод байгаа бол коронавируст халдварт өртөж нас барсан хүний тоо 34 боллоо.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцож, хөл хорионы талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "ЭМЯ болон ХӨСҮТ анхнаасаа 28 хоногийн буюу энэ өвчний хоёр нууц үеийн хугацааны турш хөл хорио тогтоох санал гаргасан.
Хэдийгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа ч тохиолдлын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа нь ойрын хавьтал болсон, халдварын нууц үедээ байсан хүмүүсийг илрүүлэх ажилтай холбоотой.
Дараагийн 10 хоногт нөхцөл байдлыг үнэлгээг хийнэ. Ялангуяа тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор нас баралт нэмэгдэж байгаа бөгөөд хөл хорионы төгсгөл үед бүр ч олон нас баралт гарах магадлалтай. Тийм учраас бид ард иргэдэдээ бодит нөхцөл байдлыг хэлж явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хөл хорионы төгсгөл гэхэд халдварын тоо, нас баралт буурахгүй бол бид дараа дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлага бий.
Халдварын нууц үе 4-5.2 хоног гэхээр хөл хорио тогтоохоос өмнө ойрын хавьтал болсон хүмүүст эмнэл зүйн шинж тэмдэг илрэх мөн шинжилгээгээр онош батлагдаж байна.
Хөл хорионы үед бүх нийтийн хөл хөдөлгөөн хумигдсан хэдий ч гэр бүлийн хүрээнд халдвар дамжих үйл явц үргэлжилж байгаа. Магадгүй нууц үедээ байсан бол одоо халдвар тарааж байх боломжтой" гэдгийг хэллээ.