2024-12-05
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд 280 сая төгрөгөөр иж бүрэн гэр олгохоор болов

2021-03-25 17:50:39

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2021.03.25/  ээлжит бусаар хуралдсан.

Хуралдаанаар, энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон өрхүүдийн хохирлыг арилгах, малын сэг зэмийг зөөвөрлөн устгах болон нийслэлд КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын ажлын дайчилгаанд орон нутгаас татан ашиглаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад шаардагдах нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.
 
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, дээрх өдрүүдэд 16 аймгийн 154 сумыг хамарсан цасан болон шороон шуурга шуурч, салхи 24-40 м/с хүртэл ширүүссэн. Үүний улмаас нийт 531 гэр нурснаас 71 нь дахин сэргээх боломжгүй болж тухайн айл өрх орон, гэргүй болжээ.

Иймд УОК-т ирсэн хүсэлтийг үндэслэн,
  • Архангай аймагт 1,
  • Дундговь аймагт 50,
  • Өвөрхангай аймагт 5,
  • Булган аймагт 15,
  • Нийслэлд 9 гээд нийт 280 сая төгрөгийн 80 ширхэг иж бүрэн гэр олгохоор боллоо.
Мөн Дундговь аймагт цасан болон шороон шуурганы улмаас их хэмжээгээр зүй бусаар хоргодсон малын сэг зэмийг устгахад зориулж 150 сая төгрөгийг өртөг бүхий нэг ширхэг дугуйт ачигч/ковш/ худалдан авах, КОВИД-19-ийн эсрэг нийслэлд зохион байгуулж байгаа дархлаажуулалтад орон нутгаас ирж, дайчлагдаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад 50 сая төгрөгийн төсвийг тус тус зарцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.