2024-12-04
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Хөндөх сэдэв

Д.Шагдарсүрэн: "Байгальд ээлтэй" арга технологи ашигладаг байсан бол тэнгэр газар тэгтлээ догшроо ч

2021-03-16 09:16:09

Үйлийн үр гэж нэг юм байдаг гэдэг. Нэг толгойн үйлдсэн сайн муу үйлийн үр боловсроод ирэхлээр олны үйлэнд нэмэр болдог юм гэсэн.

"Монголын шороо Хятадын нийслэлд хүрч гэнэ. Монголын "шар шороо" Японы аралд хүрч гэнэ". Энэ бол байгаль орчны эсрэг үйлдсэн бидний үйлийн үр хаа байсан хятад, солонгос, японы ард иргэдэд хүртэл нөлөөлж байгаа хэрэг юм. Энэ бол хамгийн түрүүнд өчүүхэн ашгийн төлөө газар дэлхийгээ егүүтгэж байгаа уул уурхай, түүний дотроос "Алт хөтөлбөр"-ийн үр нөлөө юм.Тэр л муу үйлийн үр боловсорч энэ хаврын аймшигт шороон шуурга, аймшигт гамшигийг дуудлаа шүү дээ. Өвөрхангай аймгийн Баянгол сумын малчин Батдэлгэрийнх Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт өнтэй сайхан өвөлжөөд нутаг буцах болж байтал энэ гамшигт өртжээ. Харин ч амьд мэнд үлдсэн нь их юм. Арваадхан хоньтой л хоцорч.

Цаг уурчид миний мэдэхийн 2 дугаар сарын 25-аас л "3 сарын 11-13нд нийт нутгийг хамарсан хүчтэй салхи, шороон шуурга болно" гэж мэдээлсэн. "Малчин" телевизийн "Шинэ сарын шинж" нэвтүүлгээр анх ингэж мэдээлсэн бөгөөд тэр нэвтрүүлгийг 7 хоног давтан үзүүлснийг үзэгчид санаж байгаа. Түнээс хойш 5 хоногийн, 2 хоногийн урьдчилсан мэдээнд байнга тусгаж, сэрэмжлүүлж байсаар аюул гамшиг улам тодроод, ойртоод ирэхэд "аюултай", "онц аюултай" үзэгдлийн хэмжээнд хүрнэ гэж мэдээлсээр, сэрэмжлүүлсээр байлаа. Гагцхүү нэгэнт жинхэнэ "давагдашгүй хүчин зүйл" болсон тул яаж ч чадсангүй. Байгалийн догшин хүчний өмнө хүн гэгч өчүүхэн гэдэгээ харууллаа. Хайран амь нас. Таван настай хүүхэд малдаа явсан аав ээжийнхээ араас гараад гүйхэд гэрт байсан том хүн юу бодоод сууж байваа? Дундговь аймагт 9 хүний амь үрэгдлээ. "Үхтэл үр харам, үгүйртэл мал харам" гэдэг. Хэдэн малынхаа төлөө яваад л амь насаа алдлаа. Энэ бол өөрсдийн буруугаас биш байгаль дэлхийд буруу хандагсадын муу үйлийн үр гэмгүй малчин ардад тусч байгаа хэрэг. Бид ашигт малтмалыг авахдаа "байгальд ээлтэй" арга технологи ашигладаг байсан бол тэнгэр газар тэгтлээ догшроо ч үү, үгүй ч үү. Газрын гадаргын хөрс нэгэнт суларч салхи хөдлүүт л улаан түйрэн босох боллоо. Хэрэв уул уурхайн үйлдвэрлэл явуулахдаа техникийн болоод биологийн нөхөн сэргээлтийг зүй зохисоор нь хийдэг байсан бол 38-40 м/сек салхинд ингэж түнэр харанхуй болохгүй байж мэдэх л байсан.

Одоо бид байгалийн сүр хүчний өмнө яаж ч чадсангүй гэж гаслаж суухын оронд газар дэлхийгээ аргадаж тойлох хэрэгтэй болсныг энэ удаагийн их шуурга санаууллаа. Аргадаж тойлох гэдэгт би лам залж, ном уншуулахыг хэлж байгаа юм биш. Газар дэлхийгээ хөрсжүүлэх, ургамалжуулах ажлыг маш хурдан, маш эрчимтэй, бүх нийтийн үйлс болгон өрнүүлэхийг хэлж байгаа юм. Олны санал санаачлагыг төрөөс хөхүүлэн дэмжихийг хэлж байгаа юм. Өнөөдөр манайд "ой модноосоо олон" ойн инженерүүд байна. Тэдний эрдэм мэдлэг,дадлага туршлагыг ашиглаж ойжуулалтыг нэн даруй хиймээр байна. Ордосын цөлийг ойн шугуй болгосон хятадуудыг хараад "Эд нар яахав, хүний олноор "зодож..." гэж атаархахын оронд бид цөөхүүлээ ч гэсэн орчин үеийн арга технологи ашиглан ойжуулах аяныг өрнүүлмээр байна. БОАЖЯ, ХХААХҮЯ хамтармаар, Сангийн яам хөрөнгө мөнгө гаргамаар байна. Санал сэдэл байвал бүтэхгүй юм гэж байхгүй шүү дээ.
 
Сайн үйл хийвэл түүний үр бас сайнаар ирнэ шүү дээ.

МУСГЗ, цаг уурч,  сэтгүүлч Д.Шагдарсүрэн