Ангилал: Нийгэм
Клабхаус аппликейшний үнэлгээ 10 дахин өсчээ
Дэлхийд алдартай Стэнфордын Их сургууль өдгөө дэлхий даяар хэрэглээ нь улам бүр нэмэгдэж байгаа Клабхаус аппликешний нууцлал, аюулгүй байдалд эргэлзэх үндэслэл байгаа тухай судалгааны тайлан гаргаснаас үүдэн аппликешнийг хөгжүүлэгч компани цаашид нууцлалаа хангах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Тухайлбал Стэнфордын Их сургуулийн судалгаанд дурдсанаар БНХАУ-ын Шанхай хотод төвтэй Агора гэх компани Клабхаус аппликешнтэй хамтран ажиллаж, бараа, үйлчилгээгээр хангадаг болохыг тогтоожээ. Гол нь тус компани Клабхаус аппликешнийг хэрэглэгчийн дахин давтагдашгүй бүртгэлийн дугаар болон хэрэглэгчдийн үүсгэсэн өрөөний дугаарыг авах боломжтой байдаг тул Клабхаус аппликешний өрөөнүүдийн дуу бичлэгийг ч авах боломжтой гэж Стэнфордын Их сургуулийн судалгаанд дурдсан.
Хамгийн ноцтой нь БНХАУ-ын мэдээлэл, технологийн Засгийн газартайгаа нягт хамтран ажилладаг тул эдгээр мэдээлэл БНХАУ-ын төрийн байгууллагуудын гарт орох магадлалтай гэж үзэх хандлага газар аваад байна. Агора компанийн хувьд энэ мэдээллийн дараагаар хэрэглэгчдийн ярианы аудио бичлэгийг хадгалдаггүй, гагцхүү сүлжээний чанарыг шалгах зэрэг бусад үүргийг гүйцэтгэдэг гэж мэдэгдсэн. Гэхдээ дэлхийн нэр хүндтэй сургууль Клабхаус аппликешний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хөндсөнөөс үүдэн аппликешнийг хөгжүүлэгч тал цаашид энэ асуудалд анхаарч бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдээд байна. Клабхаус аппликешний үндсэн хөгжүүлэгч Alpha Exploration гэх компани бөгөөд анх өнгөрсөн 4 сараас хэрэглээнд нэвтэрсэн.
Харин өнгөрсөн оны сүүл, энэ оны эхэн үеэс аппликешний хэрэглээ огцом нэмэгдэж, өнгөрсөн оны 12 сард үнэлгээ нь 100 сая доллар байсан бол 1 сарын 21 гэхэд буюу ердөө сарын дотор 10 дахин өсөж 1 тэрбумын үнэлгээнд хүрсэн. Энэ аппликешнд хэрэглэгч зөвхөн урилгаар нэвтрэх зарчим үйлчилж байгаа нь гол онцлог. Клабхаус аппликешн нь хэрэглэгчид өрөө үүсгэж, ярилцах хэлбэрээр ажилладаг бөгөөд одоогоор зөвхөн iOS үйлдлийн систем дээр буюу Apple компанийн төхөөрөмжүүд дээр ажиллаж байгаа.
Аппликешнийг хөгжүүлэгчдийн хувьд цаашдаа Андройд үйлдлийн системд аппликешнийг нэвтрүүлэхээ амлаад байгаа ч тодорхой хугацаа заагаагүй байна. Энэ аппликешний хэрэглээ, үнэлгээ нэмэгдэхэд Тесла компанийн үүсгэн байгуулагч Илон Маск болон бусад нөлөө бүхий хүмүүс энэ аппликешнийг идэвхтэй ашиглаж байгаа нь шууд нөлөөлж байна. Мөн ойрын хугацаанд энэ аппликешны хэрэглээ улам тэлэх төлөвтэй байгаа бөгөөд Илон Маск ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй Клабхаусаар ярих тухай асуудал ч хөндөгдөж эхлээд байна.