2024-12-04
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийслэл

Д.Сумъяабазар: Баянзүрх дүүргийн Улаанхуаран орчимд халдварын тархалт ихсэх тооцоолол гарсан

2021-02-19 16:29:30

 
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний явцын талаар мэдээлэл өгөв.
 
Тэрбээр "Нэг хаалга нэг шинжилгээний явцын зохион байгуулалт өндөр байна. Нийслэлийн шуурхай штабын дарга холбогдох хүмүүс газар дээр нь сайн ажиллаж байна. Иргэдийн шинжилгээ өргөх идэвх мөн өндөр байгаа. 412,420 өрхөөс шинжилгээ аваад магадлалын программ гаргасан. Цаашид технологи дээр суурилсан орон зайн мэдээллийн дүн шинжилгээг хийнэ. 

Баянзүрх дүүрэгт Улаанхуаранд халдварын тархалт ихсэх тооцоог гаргасан байна.  Вакцинжуулалтын ажил их хурлын түвшинд зайлшгүй яригдах ёстой. Нийслэлийн удирдлагууд дараагийн шатны арга хэмжээг зохион байгуулахад бэлэн. Бүх ажлаа гартаа оруулчихлаа.

Гол нь халдварын голомтуудыг хумиж, хотын нийгэм эдийн засгийг хэвийн нөхцөлд шилжүүлэх ёстой. Вакцин ирсэн ч гэсэн коронавирустэй зэрэгцэн амьдрах эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргана. 57 чиг үүргийн хүрээнд үйл ажиллгаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг зохицуулсан төлөвлөгөө гаргана. Өнөөдрийн байдлаар нийт ирсэн дуудлагын ихэнх нь шинжилгээнд хамрагдах хүсэлтээр хандсан байна.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд хамрагдсан иргэд бичгээ үзүүлээд дараагийн ажилд хэвийн явж болно. Шинжилгээний хариу удаж байгаа талаар өнөөдөр 21 дуудлага ирсэн байна. Эрүүл мэндийн яамны системтэй өөрсдийн системийг холбож өгсөн" гэлээ. 

Чингэлтэй дүүрэгт иргэдээс коронавирусийн шинжилгээ авахаар 61 явуулын, 10 суурин цэг ажиллаж байна. Тус дүүргийн 21,700 өрх айл шинжилгээ өгсөн бөгөөд өнөөдрийн 16:00 цагийн үед бүх шинжилгээг авч дуусна гэдгийг албаны хүн хэллээ.

Маргааш Сүхбаатар дүүргийн иргэдээс коронавирусийн шинжилгээ авах бөгөөд үлдсэн хоёр өдөрт Баянзүрх дүүргийн иргэдээс шинжилгээ авч "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ дуусах юм.  Шинжилгээний хариу 24-48 цагийн хооронд гарч буй учир хамгийн сүүлийн шинжилгээний хариу энэ сарын 24-нд гарч Улаанбаатарт  нийт хэдэн голомтод хичнээн хүн өвчлөөд байгаа талаарх мэдээлэл бүрэн гарч дуусах юм.