Ангилал: Хөндөх сэдэв
Д. Ангар: Эдийн засаг сэхээний байдалтай биш бүр үхлүүт байдалтай байна
Монголбанкаар дамжуулан эдийн засаг руу 10 их наяд төгрөг оруулахыг би 110 хувь дэмжиж байгаа. Учир нь сүүлийн 3 жил Монголбанкнаас хэт хатуу мөнгөний бодлого явуулж эдийн засагт байсан бүх мөнгийг Төв банкны үнэт цааснаас өөр лүүгээ татсан. Үр дүнд нь эдийн засаг борцлогдсон. Ажилгүйдэл нэмэгдэж, компаниуд дампуурсан. Эдийн засаг дахь цусны эргэлт буюу мөнгөний эргэлтийг нь хав дарснаас эдийн засг хатангиршсан. Хожуу ч гэсэн Монголын төр алдаагаа олж харсан. Одоо ингээд эдийн засгаасаа мөнгө татах биш харин эдийн засаг руугаа мөнгө оруулъя гэсэн шинэ бодлогоо зарлалаа. Зөв!
Ингэхээс өөр аргагүй. Эдийн засгийн сэхээний байдалтай ч биш бүр үхлүүт байдалтай байна. Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж байж л эдийн засаг бүр сэргэдэггүй юмаа гэхэд ядаж бага зэрэг засал авна. Гэтэл нэг асуудал байна. Дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн өмнө Монголбанк маань Төвбанкны үнэт цаасны хүүгээ тэглэх учиртай юм. Эсвэл дор хаяж бууруулах. Тэгэхгүй бол эдийн засаг руу мөнгө орууллаа ч тэр мөнгө нь аж ахуй нэгжүүд дээрээ очихгүй буцаад л ТБУЦ-руу очно. Үүнийг хүүгийн арбитраж гэдэг юм. Бүр ямар ч эрсдэлгүй арбитраж үүсч үр дүнд нь хэдхэн хүн л завшаад өнгөрөх юм. Тодорхой жишээгээр тайлбарлая. Хөтөлбөрийн хүрээнд компаниуд гурван хувийн хүүтэй зээл авна. Тэр компанид хоёр сонголт үүснэ. Эрсдэл хүлээж бизнесээ эхлүүлэх үү эсвэл ямар ч эрсдэлгүйгээр тэр мөнгөө аль нэг банкинд 3.5-5.5 хувийн хүүтэйгээр хадгалуулах уу гэж. Банкууд тэр мөнгийг ямар ч асуудалгүй авна. Учир нь банкуудад ямар ч эсрдэл байхгүй. Тэд цааш нь дамжуулаад Монголбанкинд 6 хувийн хүүтэйгээр авна. Ингээд эцсийн үр дүнд нь улс хохироод дуусна. Дунд нь цөөхөн хэдэн хү хэдэн зуун тэрбумаар нь арбитражын ашиг хийнэ хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.