Ангилал: Хөндөх сэдэв
Цаг уурын үзэгдэл элментийн утга, энэ их тоо чинь асар их МӨНГӨ ШҮҮ ДЭЭ
Эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн бүх салбар жилийнхээ ажлыг дүгнэж тэргүүний салбар, хүмүүсээ шалгаруулдаг уламжлалтай. Ус, цаг уурын салбарынхан 2020 оны буюу "Хотол төгс" хэмээх цагаан хулгана жилийн аврагуудаа энэ салбарын аврагуудаа тодруулжээ. Улаанбаатарын Ус, цаг уур орчны шинжилгээний төв тэргүүн байр эзэлж, Хэнтий, Сэлэнгэ, аймгууд удаалсан байна. Бас цаг уурын шинжилгээ, мэдээллийн 2020 оны ажлын үр дүнгээр Говь-Алтай аймгийн “Бугат”, Увс аймгийн “Хар-Ус”, Хэнтий аймгийн “Баян-Овоо” өртөөдийг “2020 оны тэргүүний өртөө”-гөөр, Хэнтий аймгийн “Хэрлэн-бороо” экспедиц, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ-бороо” экспедицийг “2020 оны тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедиц”-ээр, Завхан аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг “2020 оны байгаль орчны шинжилгээний тэргүүний лаборатори”-оор, Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг “Улсын тэргүүний лаборатори”-оор тус тус шалгаруулсан байна. Сайн хэрэг, сайхан амжилт. Эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжлээрээ хамт олноо хошуучлан тэргүүсэн ус, цаг уурчиддаа баяр хүргэе.
Харин та бүхний жилийн дөрвөн улиралд халуун хүйтэн, шуурга мөндөр, салхи жавар хайхралгүй зүтгэж бүтээдэг ус, цаг уурын ажиглалт, шинжилгээ, мэдээллийн энэ их нөөцийг манай эдийн засагчид юу гэж боддог болоо??? Ус, цаг уурын салбараас гаргаж байгаа энэ их мэдээлэл эдийн засгийн ямар их ач тустайг тоодог, тооцдог толгой гэж байна уу? Манайхны зууны ерэн ес, зууны ерэн ес хувь нь ус, цаг уур гэдгийг ердөө л радио, телевизээр зарлаж байгаа "Өнөөдрийн 20 цагаас маргаашийн 20 цаг хүртэл" гэсэн прогноз мэдээ л гэж ойлгодог бололтой. Шинжилгээ, мэдээллийн 2020 оны ажлын үр дүнг үндэслэн Хэнтий аймгийн “Норовлин”, Ховд аймгийн “Дөргөн”, Сэлэнгэ аймгийн “Зүүнбүрэн” харуулуудыг “2020 оны тэргүүний харуул”-аар, Баянхонгор аймгийн “Цагаантуруут-Галуут”, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн-Мөрөн”, Хэнтий аймгийн “Онон-Дадал” усны харуулуудыг “2020 оны тэргүүний ус судлалын харуул”-аар тус тус шалгаруулаа.
Эдийн засаг ядуу ядуу л гээд байх. Тэгтэл өвөлдөө -40-50 градус хүрдэг Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир /Байдрагийн голын адаг/ зэрэг газарт дунд сургуулийн хичээлийг заавал жилийн хүйтэн улиралд хичээллүүлж байхаар жилийн дулаан хагасыг ашиглаж болохгүй юу? Яагаад? зундаа +30, +40 градус хүрдэг Монголын гучин гурван говьд, Алтай өврийн их цөлд тэр их дулааны нөөцийг ашиглах боломж байхгүй юу? Уул нь байшингийн ханын зузаан нимгэн, өндөр хүчдэлийн шугамын чанга сул татах, төмөр болоод авто зам гээд цаг агаар уур амьсгалаас асар их хамааралтай байдаг. Зүгээр л энгийнээр бодоход Ренчинлхүмбийн сургуулийг өвлийн 3 сард амраачихдаг бол хэдэн шоо метр мод хэмнэх бол? За тэгээд усны эрчим хүч гэхлээр заавал хэдэн их наядын төсөл л санаанд нь бууна. Угийн гол, Орхон зэрэг голуудын хөлдөөгүй үед нь ажилладаг жижиг оврын цахилгаан станц ажиллаж байсан түүх, туршлага байж л байна. Тусалж дэмждэг Дани, Хятад хоёр ч зангаа хувиргачиххагүй гэж би итгэдэг. Одоо харин хэдэн малчид минь л нар салхины эрчих хүчийг сайн ашиглаж байна. Эх орны минь сум болгоны төвд байдаг цаг уурын харуул өртөөнийхний цаг агаарын ямар ч нөхцөлд үнэнчээр ажиллаж ганц ч тоо баллахгүй хичээнгүйлэн тэмдэглэдэг байсан, одоо бол ганц тоо алдахгүй компьютерт хадгалж, дамжуулж байгаа гадаргын ус болоод цаг уурын үзэгдэл элментийн утга-энэ их тоо чинь асар их МӨНГӨ ШҮҮ ДЭЭ гэж салбар бүрийн эрх баригчдын чихэнд хашгирмаар байна. Шулуухан хэлэхэд ус цаг уурын салбарынхан ч энэ их нөөцийг улс ардын аж ахуйд зохистой ашиглаж болох талаар дүлий дүмбэ суусаар байхын учир юу вэ? Төмөр замтай гэрээтэй, хаврын тариалалтын үеэр семинарт илтгэл тавина. Тэгээд л болоо гэж үү? Би цаг уурч шүү байсан болохоор энэ салбарынхаа төлөө санаа зовж явдагтаа л үүнийг бичиж байгаа юм.
Сэтгүүлч, цаг уурч МУСГЗ Д.Шагдарсүрэн