Ангилал: Хөндөх сэдэв
500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖИХ “СОЛОНГО” ХОРООЛЛЫН ТӨСӨЛ СУРАГ АЛДРАВ
– 5002 айлыг түрээсийн орон сууцад хамруулахаар төлөвлөж байлаа –
Улсынхаа нийслэлийг утаанаас салгах арга бол орон сууцжуулах явдал хэмээн “Өнөөдөр” сонин олон жил бичиж байна. Хэдийгээр Улаанбаатар хот маань ойрын нэг, хоёр жилийн дотор утаа багассан мэт харагдаж байгаа ч хөрс, агаар дахь хорт бодисын хэмжээ, тоосонцор Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсаар. Энэ сарын 11-17-ны хооронд Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), тоосонцор (PM10, PM2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (O3)-ы агууламж хүлцэх хэмжээнээс давжээ. Тэгэхээр дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл хэвээрээ, монгол хүний дээрх эрх зөрчигдсөөр байгаа гэсэн үг. Үүний тод жишээ нь утаагүй түлш боловсруулж буй үйлдвэр орчмын агаар, хөрсний бохирдол аюултай хэмжээнд байгааг илтгэх зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
Гэр хороололд утаагүй түлш ашиглаж эхэлснээр нийслэлийн агаарын бохирдол буурч, нүүрсхүчлийн хийн үнэр дарагдсан уу гэвэл тийм. Гэхдээ угаартаж амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүний тоо эрс нэмэгдэж, гэр бүлээрээ золиослогдсон айл олон болсон.
Тэгэхээр агаарын бохирдолтой тэмцэх үр дүнтэй арга хэмжээ бол гэр хорооллыг орон сууцжуулах, тэнд амьдарч байгаа айл, өрхийг байртай болгох явдал. Тиймээс ч олон компани ямар ч төлөвлөлтгүйгээр нийслэлийн сул талбай болгонд шахам орон сууц барьснаар түгжрэл, саатал, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ зэрэгт нөлөөлөх болсон гэхэд хилсдэхгүй. Ийнхүү барьсан орон сууцуудын борлуулалт сүүлийн жилүүдэд эрс муудаж, нийлүүлэлт нь эрэлтээсээ давсныг ч холбогдох байгууллагын мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар муудсан, нийгмийн дундаж давхаргынханд зориулсан ипотекийн зээлийн санхүүжилт хумигдсантай холбоотой. Ийм нөхцөлд эзэнгүй олон байруудыг борлуулах өөр гарц хайхаас аргагүй болсон нь үнэн. Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, худалдан авах чадвар муу болсон иргэдийг орон сууцтай болгох нэг шийдэл бол түрээсийн орон сууц.
ИРГЭДИЙН ЭРЭЛТИЙГ ХАНГАХ ТӨСӨЛ ХЭЗЭЭ ХЭРЭГЖИХ БАЙВ
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа-2” хорооллын 564 орон сууцыг түрээслүүлэх журам гаргаснаар иргэдтэй гэрээ байгуулж эхэлсэн. Ийм байдлаар орон сууцтай болох сонирхолтой 2400 иргэн тухайн жил хандаж байсан бөгөөд түүнээс хойш түрээслэн өмчлөх хүсэлтэй хүний тоо жил бүр өссөөр ирсэн билээ.
Тиймээс 2019 онд Засгийн газар 138 дугаар тогтоол гаргаж “Түрээслүүлээд өмчлүүлэх журам” батлан, түрээслэгч иргэдтэй өмчлөх гэрээ хийж эхэлсэн юм даг. Энэ нь урьдчилгаа төлбөргүй, зорилтот бүлгийн өрхөд өөрийн гэсэн орон сууцтай болох том боломж. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг байдаг. Яг ингээд түрээслээд өмчлүүлэх хэлбэрээр иргэдийг орон сууцад оруулах гэхээр шаардлагад нийцэх бэлэн байр хомс аж.
Тиймээс зорилтот бүлгийн иргэд чиглэсэн, “Солонго-1”, “Солонго-2” нэртэй орон сууцын хорооллыг БНСУ-ын 500 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул дүүргийн X хорооны нутагт барих төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 2018 оноос хойш БНСУ-ын “Экзим” банкныхан манай талтай таван ч удаа албан ёсны уулзалт хийсэн байдаг. Монголын тал энэ үеэрээ долоон төсөл санал болгосноос Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянголын ам болон Хан-Уул дүүргийн нутагт дээр дурдсан төслийг дэмжихээ илэрхийлсэн гэдэг.
Ерөнхий төслийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, төсөл хэрэгжүүлэх байгууллага /PEA/, ТОСК-аас хэрэгжүүлэх, 2712 айлын “Солонго-1”, 2290 айл амьдрах “Солонго-2”, Баянголын аманд 2007 айл багтах орон сууц барих эл гурван төслийн хүрээнд сүндэрлэх хорооллуудад түрээслэн өмчлөх хэлбэрээр нийт 7007 айл орон сууцтай болох боломжтой байв. “Солонго-1” хороололд 144.5 сая илүү, “Солонго-2”-т 122.3 сая гаруй, Баянголын ам дахь орон сууцын төсөлд 114.7 сая орчим гээд нийт 381 554 000 ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн аж. БНСУ-аас 30 жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээл авч, зорилтот бүлгийн иргэдийг түлхүү хамруулахаар төлөвлөсөн энэ төслийн чимээ гэнэт алдарчихаад байна. Уг нь Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ли Наг Ён одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны гуравдугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийхдээ 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн дотор Хан-Уул дүүрэгт “Солонго-1”, “Солонго-2”, Баянголын аманд сүндэрлэх орон сууцын хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцоод буцсан. Гэтэл өнөөдөр 5002 өрх айлыг түрээсийн орон сууцтай болгох “Солонго” хорооллын төсөл хэрхэх, хэзээ хэрэгжих нь тодорхойгүй болжээ.
МОНГОЛЧУУДЫН ХОЙРГА ЗАН, ХАХУУЛЬ ХҮЛЭЭСЭН БАЙДАЛ ТӨСЛИЙГ ЗОГСООЖ БОЛЗОШГҮЙ
Уг нь тендерээ шударга, ил тод явуулж БНСУ-ын “Экзим” банкнаас манайх руу 500 сая ам.долларын санхүүжилт хийгдэх ажлаа түргэвчилбэл зүгээр сэн. Газар нь бэлэн, хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой байхад хоёр жилийн хугацаанд бүтэн хороолол биш юм гэхэд нэг байрыг нь барьж ашиглалтад оруулахад хангалттай л хугацаа баймаар сан.
Яагаад удааширч байгааг талаар хэлэх хүн одоогоор алга. Магадгүй манай талын хариуцсан хүмүүсийн хөшүүн хойрго зан, төрийн албан тушаалтнуудын хээл хахууль хүлээсэн байдал нь төсөл гацахад хүргэж байж болзошгүй гэсэн хардлага төрж байна. Учир юу гэвээс төсөл, хөтөлбөр хариуцсан төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж аливаа ажил зогссон, гацсан жишээ цөөнгүй. Тухайлбал, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлд дөрвөн эгнээтэй автозамын барих ажил хэчнээн жил гацаж буйг уншигчид мэдэж байгаа нь лавтай. Энэ замын I багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км замын ажлыг гүйцэтгэгч “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийнхны ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохын тулд эрх бүхий албан тушаалтан Лиу Хоннианаас нь 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд ЗТХЯ-ны газрын дарга Х.Оргил-Эрдэнэ 20 000 юанийн хахууль авсан хэргийг хүмүүс мартаагүй.
Энэ мэтээр манай төрийн албан тушаалтнуудын хахууль хүлээсэн байдлаас болж гацсан, дутуу хийсэн бүтээн байгуулалтын ажил цөөн бус. Жишээ нь, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх автозамын ажил өнөөг хүртэл бүрэн дуусаагүй байгаа. Бас Замын цагдаагийн газрын дэргэд барьсан, Олимпын гудамжийг Их Монгол Улсын гудамжтай холбосон гүүрэн гарц, “Олимпын гүүр”-ийн туслах замуудыг нь өнөөдрийг хүртэл босгосонгүй. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил ч ийм байдлаар гацаж байж болзошгүй.
Магадгүй энэ мэт нөхцөл байдлыг БНСУ-ын тал ч анзаарч буй нь лавтай. Уг нь энэ 500 сая ам.доллароор “Солонго” түрээсийн орон сууцын хорооллын төслийг хэрэгжүүлбэл цар тахлын хүнд нөхцөлд эдийн засгаараа хохирч болзошгүй байгаа олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь гарцаагүй. Уг төсөл хэрэгжвэл мэдээж цемент, хайрга, элс, арматураас авхуулаад Монголоос, эх орны аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдэнэ.
Солонгосоос ажилчид оруулж ирэхгүй нь лавтай. Тэгэхээр монгол залуусын ажлын байр ч нэмэгдэж, магадгүй гуравдагч орноос барилгын ажилчин оруулж ирлээ гэхэд ажлын байрны төлбөрт төсөвт тодорхой хэмжээний мөнгө орж ирэх ёстой болно. Тэгэхээр бид “Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэлгүй”, авлига, хүнд сурталгүйгээр БНСУ-ын “Экзим” банкны нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өгч буй 500 сая ам.долларын зээлийг эх орондоо шингээж, агаар, хөрсний бохирдлоороо дэлхийд тэргүүлж буй Улаанбаатар хотоо орон сууцжуулж, зорилтот бүлгийн иргэдээ паартай байшинд амьдрах боломжийг алдахгүй байх сан. Энэ төсөл юунаас болж гацсан, уг 500 сая ам.долларыг эх орондоо шингээх боломж юу байгаа талаар бид дахин сурвалжлан удалгүй уншигчиддаа хүргэх болно.
Эх сурвалж: Өнөөдөр сонин