ХИЙМОРЬ ХЭМЭЭХИЙН ТУХАЙД
Хүмүүний биед амь баригч, дээш гүйгч, түгээгч, уруу арилгагч, гал тэгшитгэгч хэмээх таван үндсэн хий байх бөгөөд Монголчууд эртнээс хийг мориор дүрсэлж иржээ. Хүний сэтгэл нь амь баригч хийг хөлөглөн бие махбодийн үйлдлийг удирдан залж байдаг. Энэ хий хямрах, доголдох аваас сэтгэл хямрах, үйлс доройтох, санасан хэрэг бүтэмжгүй болж өнгө зүс доройтох гэх мэт сөрөг тал олон.
Бурхан багшаас өнөөг хүртэл номын олон мэргэд амьтны тусын тулд адис ихт ном судрыг олноор айлдаж иржээ.
Энэ дундаас Монголчууд бидэнд адис ойр, аврал түргэн нэгэн ном бол Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын айлтгасны дагуу хамгийг айлдагч, Банчэн Лувсанчойжижанцан дээдсийн нийт Монголчуудад зориулан айлдсан, бурханы шашинт өөр аль ч улсад дэлгэрээгүй Дашчарвэв буюу Өлзий хутгийн хурыг буулгагч хэмээх их сан бөгөөд бидний мэдэх Хийморийн, Ариун, Гүн-Аа, Говий лха, Дөрвөн уулын зэрэг олон санг, мөн Алтангэрэл, Намсрайн даллагыг төгсгөлийн хурайлах хишгийн хэсэгт багтаасан гайхамшигт сан билээ.
Хийморийн санг жишээ болгон авч үзье.
Сан уншуулах, сан тавиулах нь хүний биед хэрхэн яаж хүрч, ажил үйлсийг нь дэлгэрүүлэн, буян хишиг, насан хутгийг далладаг вэ?
Юуны өмнө сан тавиулахаар зорин ирэхээс эхлээд тухайн хүн буян хурааж эхэлдэг. Сүм дуганы дотор орох үед тааламжтай арц хүж, ном уншлагын дуу чимээг сонсч, сэтгэл санаа тайвширч, сүжиг бишрэл төрж улмаар энэ л номыг уншуулбал миний санасан хэрэг үйлс бүхэн лавтайяа бүтнэ хэмээх сэтгэл итгэмжилсэн, бодол сэтгэлийн хүч ихэсдэг.
Лам хувраг номыг уншиж эхлэхэд сэтгэлд төрсөн сүсэг бишрэл улам арвидан, жирийн үед тэр бүр төвлөрдөггүй сэтгэл нэгэн дор баясгалант байдлаар хурж төвлөрөн, дээдэс богдсын хамаг амьтны тусын тулд, өчүүхэн атгаг сэтгэлгүйгээр айлдан зохиож адис жинлав оршоосон номын хүч, орон хийдийн бурхан шүтээн, олон хуврагийн уншлага номын адис жинлав сэтгэлд баттай оршиж, урам зориг сэргэн одоо л лавтайяа үйлс минь бүтэх болно хэмээх сэтгэл хүчтэй ихээр төрдөг.
Энэ бүхэн нь амь баригч хий зөв гүйж, дээдсийн адис жинлав, бурханы номын хүч адистид зэрэг нэгдэж урам зориг, итгэл бишрэл төрсний хүч юм. Ийм оюун бодол, номын хүчээр хүмүүний бие эрүүл, сэтгэл амгалан, үйлс бүтэж, санасан хэрэг үйлс нь дэлгэрдэг.
Орчлонгийн хамаг амьтан ихэс дордос, сайн саар, өнгө дүрс ялгаатай боловч цаг үргэлжид амгалан жаргаланг хүсч эгээрч байдгаараа ижилхэн билээ.
Өвчин тахал дэлгэрсэн энэ хүнд цагт түмэн олон амгалан, төрийн нуруу түвшин, өвчин тахал түргэнээ дарагдах болтугай хэмээн Дэчин Чоен Тавши Сүнбэрэллин Хийдийн лам нар өдөр бүхэн 12:00 цагаас хийдийнхээ цахим хуудсаар https://www.facebook.com/dechin.choin.tawshi.sunberellin Өлзий хутгийн хурыг буулгагч их сан,арван зүгийн аюулыг арилгагч хэмээх номнуудыг уншиж байхаар болсныг сонордуулж байхаар болжээ.
Бурхан багшийн айлдсан Чогжү мүнсэл буюу Арван зүгийн аюулаас гэтэлгэгч хэмээх судрын тухай Хутагт арван зүгийн аюул бүхнийг сайтар арилгагч хэмээх их хөлгөний судар. Бурхан багшийн айлдсан энэхүү судрыг Монголчууд аливаа аюул осол, саад зэтгэр, харшлах шалтгаан бүхнээс аварч өршөөхийг даатган уншиж, айлтгаж ирсэн.
ЧОГ-зүг ЖҮ-арван МҮН-аюул, мунхаг СЭЛ- арилгагч буюу аврагч гэсэн утгатай. Хүмүүний бие, амьдрал ахуйд арван зүгээс ирэх элдэв саад тотгор, өвчин зовлон, гай барчид, аваар ослоос сахин хамгаалахын тааллаар айлджээ. Судраас:
Арван зүгийн харшлах шалтгаан бүхэн амарлих хийгээд
Арван зүгийн аюулаас аварч, өлзий хутгийн үг үүнийг өгүүлэх болой
Зүүн зүгээс нисваанис бүхэн хөдлөхийн аюулаас аварч хэрэг тусыг бүтээх
Өмнө зүгээс харанхуй мунхаг сэтгэлээс үүсэх аюулаас аварч
Баруун зүгт одоход учрах саад тотгорыг арилган хэрэг тусыг бүтээх
Хойд зүгт явах суух хэрэг бүхнийг бүтээж, саад тотгорыг няцаах
Зүүн хойд зүгт шулмын аймгийг дарж, хэрэг үйлсийг бүтээх
Зүүн өмнө зүгт одох хэрэг үйлийг бүтээж, барчид саадыг арилга
Баруун өмнө зүгт эдийг дэлгэрүүлэх хэргийг бүтээж, саад тотгорыг арилга
Баруун хойд зүгт одох үйлийг бүтээж барчид саадыг арилга
Дээд тэнгэр зүгт зорьсон хэргийг бүтээ, учрах саадыг арилга
Доод зүгт эрдмээр нэн чимж, эргэлзээг таслагч түүнээ мөргөмүй
Доод зүгийн хэрэг бүхнийг бүтээж, хишиг буяныг хайрла...
Хэмээн арван зүгийг тэтгэгч бүхэнд залбирал талбин, үйлсээ даатгадаг учиртай. Хол замын тээвэр хийдэг, аян замд амралт зугаалгаар яваа хүмүүс, хөдөө орон нутгийн иргэд болон хэн хүн ч үйлсээ даатган, элдэв саад зэтгэрийг амарлиулахын тулд айлтгаж уншуулдаг, адис аврал нь санаанд багтамгүй тустай ном хэмээн тус хийдийн зүгээс сүсэгтэн олондоо хандаж мэдээлэл оруулжээ. Уг хурал ном хурахдаа сүсэгтэн олноос ямар нэг үнэ төлбөр авахгүй бөгөөд тус хийдийн цахим хуудсаар дамжуулан номоо сонсохыг уриалж байна.