2024-12-22
АНУ-ын доллар 3,417.49₮
Ангилал: Хөдөө аж ахуй

Малчдыг “уралдуулахдаа” малаас олсон бүтээгдэхүүний ашиг орлогыг гол болгох хэрэгтэй

2021-01-12 15:16:08

МУСГЗ сэтгүүлч, цаг уурч Дамбын Шагдарсүрэн 
 
“Аварга” болохын тулд...
 
Монгол Улсын Засгийн газар жил бүр улсын аварга, хошой аварга малчин шалгаруулж шагнал өгдөг билээ. Олон жил олон зуун аварга төрлөө. Гэтэл малын тоо хэт олширч, бэлчээрийн чанар доройтож малчдын дийлэнх олонхийн амьдралын чанар дээшилсэнгүй. Өөрөөр хэлбэл энэ журам нэгэнт олон малтай болсон, аваргууд “инерцээрээ” явж байгаа болохоос дундаас доош амьдралтай малчдын урамыг сэргээх хөшүүрэг болж чадахгүй байна.
 
Улсын аварга, хошой аварга малчин шалгаруулах журамын зорилго нь
 
“ Мал аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин түүнийг боловсронгуй болгох, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулан эрүүлжүүлэх болон нийгэмд оруулж байгаа малчдын хувь нэмрийг үнэлж урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино” гэж байгаа.
 
    Миний бодоход энд МАЛЧДЫН АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ биш малын чанарыг дээшлүүлэх л гээд байгаа мэт. Малын чанар дээшилснээр малчдын амьдрал дээшилнэ гэж үзэж болно л доо. Тэгэхдээ малчдыг “уралдуулахдаа” малаас олсон бүтээгдэхүүний ашиг орлогыг гол болгох хэрэгтэй байна.
 
     Үүний тулд доорх гурван үзүүлэлтийг авч үзье. Хуучин улсын аварга , хошой аварга малчин шалгаруулах журамын
4.7 Сүүлийн 3 жил дараалан малын зүй бус хорогдол гаргаагүй, бодод шилжүүлснээр 100-аас доошгүй толгой малтай байх.
4.9 Сүүлийн гурван жил дараалан оны эхний 100 хээлтэгчээс бойжуулсан төлийн тоо улсын дунджаас илүү байж, хээлтэгч бүрээс төл бойжуулсан бай х
 4.13  Өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа, малын хашаа, худаг, эсхүл уст цэгтэй байх гэж заасан байгаа.
 
        Миний бодлоор бол энэ гурван үзүүлэлтийг хасмаар байна. Учир нь эхний хоёр нь малчинд  мал сүргээ заавал өсгөх шаардлага тулгаж байна. Оронд нь ердөө л СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД НЭГ МАЛААС АВСАН АШИГ ШИМ ТАСРАЛТГҮЙ ӨССӨН БАЙХ. Ийм л болзол байвал  малчинд “Чанаргүй олон малтай байснаас чанартай цөөн нь дээр юм байна” гэх сэтгэгдэл төрүүлнэ.
 
Малын ашиг шим гэдэгт арьс,  шир, оруулаад байхлаар бас л тооны  асуудал гарч байгаа тул дахиад л арьс ширний чанар, талбайн хэмжээг  авмаар байна. Үхрийн шир нь гуургүй, хонь ямааны арьс хачиг хувалзны шархгүй, талбай ... дм/дицметр/-ээс багагүй байх гэх мэт.  Бүр анхан шатны боловсруулалтыг технологийн дагуу хийсэн байх шаардлага тавих хэрэгтэй. Бүтээгдэхүүн гэхэд зөвхөн саасан сүүний хэмжээгээр биш ааруул, ээзгий, борц, өрөм, хутгууш, бяслаг, тараг, айраг, хоормог, буцалгаа , шар тос, цагаан тос болон  өөр бусад сүүн бүтээгдэхүүн  оруулж тэдгээрийг борлуулсан ашигийг тооцдог болох. Үүнтэй уялдуулж орон нутгийнхаа сургууль, цэцэрлэгийн хүнсэнд сүү, цагаан идээг гэрээгээр нийлүүлсэн байх шаардлагыг тавьж хэмжээ чанараар нь өрсөлдүүлэх хэрэгтэй байх. Тэр ч бүүхэл хамгийн олон төрлийн цагаан идээн бүтээгдэхүүн хийсэн айлыг ч шалгаруулж болно.
 
Өөрийн эзэмшлийн өвөлжөө хаваржаатай байх гэдэг өнөөдөр залуу малчдын хувьд боломжгүй байна. Хуучны архаг  бурхиуд нутгийнхаа айл бууж, өвөлжиж хаваржиж болох бүх газрыг “эзэмшил” нэртэй өмчилчилж авчихаад, түүнийгээ өндөр үнээр түрээслээд өөрсдөө төв сууринд биеэ оторлон сууж байхад  залуу малчид буух нутаггүй хавчигдаж байгаа газар олон байна. Үүний оронд “Зэлүүд бэлчээр эзэмшсэн, ашигласан, тэнд  хашаа саравч барьж, худаг ус гаргасан” гэх утгатай үзүүлэлт байх нь дээр болов уу.   “Хонины найр” киноны хоёр өвгөн шиг.
 
Түүнээс гадна бог мал саадаг болгох тусгай болзолт уралдаан заралмаар байх юм. Би одоогоор гурван  жилийн өмнө Архангайн Тариат суманд 12 хүүхэд “Хөдөлмөр зуслан”-д гаргаж бог мал саах туршилт зохион байгуулж үзэхэд маш сонирхолтой  болсон. ХХААХҮЯ  ийм ажилд дэмжлэг үзүүлмээр байгаа юм. Одоо чинь хонь ямаа байтугай үнээгээ саахаа болих гэж, зарим газар больчихоод байна