2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Хөндөх сэдэв

Д. Шагдарсүрэн: Аргаа өөрчлөе

2021-01-11 20:20:48


“Шулаад байхад бүдүүрээд байдаг
Тайраад байхад уртсаад байдаг” тэр юу вэ? Худаг.

Уншигч та ийм оньсого мэднэ дээ. Нээрэн нэг том гуалин босгож байгаад тал бүрээс нь шулаад байвал нарийссаар байгаад харандаа шиг юм болно. Түүний нэг үзүүрээс тайрч хаяад л байвал богиноссоор байгаад еэвэнгийн чинээ л юм үлдэнэ. Харин тэр гуалин босоогоороо яг таарч байсан нүхний ханыг “шулаад” байвал өнөөх чинь улам уужим болоод байна. Доош нь ухаад байвал гүнзгийрэх буюу “уртсаад” байх ажээ. Хөөрхөн оньсого шүү. Энэ яахав.

Амьдрал дээр бас тийм юм байдаг ажээ. Монголын уламжлалт анагаахын судар номонд тэмдэглэснээр “Цөвүүн цагийн халдварт тахал” буюу “Короно” вирусийн тархалтын улмаас жижиг дунд үйлдвэрлэл бүрэн зогсож, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, зарим нь ажилчдаа халж, зарим албан газар ажиллагсаддаа тодорхойгүй хугацааны амралт, чөлөө өгч... ёстой л аргаа барж байна. Энэ бүхний цаана үйлдвэрийн газраас авахуулаад ТҮЦ-ний худалдагч хүртэл “улаан мөнгөний” орлогогүй болж хоногийн хоолгүй өлсгөлөнд нэрвэгдэхэд ойртож байгаа иргэд, айл өрх олон байна. Саяхан хүнсний дэлгүүр дээрмдсэн гэмт хэрэг гарсан сураг ч дуулдав. Нийслэлд, ялангуяа гэр хорооллын олон өрх айл ядууралд бүрэн өртөж байна. Иргэд нь мөнгөгүй болохоор үйлдвэрлэл, худалдаанд гүйлгээ байхгүй. Гүйлгээ байхгүй болохоор мөнгөний эргэлт байхгүй.

 Тэгтэл Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр иргэдийн МӨНГӨН ОРЛОГО НЭМЭГДСЭН дүн гарсан байх юм. Ядуураад байхад орлого нь нэмэгдээд байдаг. Эсвэл орлого нь нэмэгдээд байхад ядуураад байдаг яачихсан ард түмэн гээч вэ???  Энд би статистикчдыг эрх баригчдын гар хөл боллоо гэж шүүмжлэх гээгүй. Тэд тоогоо бодоод л гарсан хариу нь энэ. Тэгэхдээ тэр бодох арга нь хуучирчихсан юм биш бизээ. Харсаар байтал ёстой “нүдэн дээр” ядуураад байхад ийм дүн гарч байгаа тооцооны аргаа эргэж нэг харахгүй юм уу. Өнөөдөр асуудал болгоныг “... тэр өнцгөөс нь харвал...” гэдэг болсон шиг статистикийн тооцооллоо өөр нэг өнцгөөс хараасай. 


МУСГЗ сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэн