2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Улс төр

Ц.Туваан хөөгдөж С.Эрдэнэ эргэн ирэв

2020-12-21 14:17:40


Ардчилсан намын X их хурал өнгөрөгч долоо хоногийн сүүлээр болж өндөрлөв. Үүнтэй зэрэгцээд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг албан тушаалын түр эрхийг цуцалсан тушаал гарав. Уг тушаалыг АН-ын даргын ажлаа өгсөн гэж бидний ойлгож байсан С.Эрдэнэ гаргасан нь жинхэнэ “гэнэтийн бэлэг” байлаа.

Хоёр өдөр дараалан хуралдахаар товлож байсан намын Их хурал Улаанбаатар хотод цар тахлын шинэ голомт илрэн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан цагийн хуваариа сунгаж хуралдан, хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн хэмээн мэдээлж буй. Гэвч хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр байж чадахгүй нь бололтой.

 
Тодруулбал, С.Эрдэнэ өөрийгөө Ардчилсан намын хууль ёсны дарга одоо ч хэвээрээ гээд X их хурлыг дүрмийн бус хэмээн мэдэгдэж, хурлыг зохион байгуулсан АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг үндсэндээ “хөөсөн” тушаал гаргасан нь энэ.
 


Тэрбээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үндэсний хэмжээний нам болох Ардчилсан нам Үндсэн дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Тэр дүрмийн хүрээнд л үйл ажиллагаа явуулах ёстой. Намынхаа Үндсэн дүрмийг барьж ажиллах нь Улс төрийн намын тухай болон бусад хуулиар хүлээсэн үүрэг. Үүнийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Нэгэнт дүрэм зөрчсөн учраас дүрмийн бус байна гэж хэлээд байгаа юм. Ц.Туваан гэдэг хүнд би түр эрх шилжүүлсэн. Түүнээс намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй.

 
Өнөөдрийг хүртэл Улсын дээд шүүх, УБЕГ-ын бүртгэлд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа. Хэрэв эрх зүйн чадамжтай гэж үзэж, намын их хурлыг хуралдуулах эсэхийг би шийдэх эрхтэй” хэмээн ярьжээ.
Товчхондоо, АН-ын X их хурал төдийгүй Ц.Туваан намын даргын үүргийг түр гүйцэтгэж байх хугацаандаа албан тушаалд томилох зэрэг энэ хугацаанд гаргасан Үндсэн дүрмийг зөрчсөн зарим шийдвэрүүдийг хүчингүй болгох аж. Улмаар намын үндсэн дүрмийн өөрчлөлт хийсэн гэж батлуулах гэж оролдвол эрх бүхий байгууллагуудад хандахаас эхлээд улс төрийн хатуухан арга хэмжээ авна гэжээ.

Ардчилсан нам одоогийн дүрмээр намын даргаа бүх гишүүдээсээ сонгодог байсан ч энэ удаагийн дүрмийн өөрчлөлтөд ҮБХ-ноос сонгохоор тусгасан. Энэ их хурал зохион байгуулж байгаа хэсэг бүлгийн зорилго нь намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгох л зорилго агуулаад байна гэж хардах гишүүд ч цөөнгүй байгаа юм.

Мөн дүрмээ өөрчилснөөр дахин бүлэг фракцын хуваагдалд орж, ардчиллын үнэт зүйлгүй болж болзошгүй байгааг зарим лидерүүд нь шүүмжилж байгаа. Намын Үндсэн дүрмийг өөрчлөх асуудлаас илүүтэй намын даргаа сонгох нь нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал болж байгааг хэлж байгаа юм.

Ийнхүү гишүүдээс гадна гэнэтийн эсэргүүцэлтэй тулсан АН-ын X их хурлын шийдвэр хүчин төгөлдөр байж чадах уу, дүрмийн өөрчлөлтийг хууль ёсны гэж үзэх үү гэдгийг харах л үлдлээ.