Боловсролын багц хуулийн төслийн цахим хэлэлцүүлгээр өнөөдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн боловсролын байгууллагын удирдлага, багш, ажилтны төлөөллийн саналыг сонсож байна.
Цахим хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр нарын холбогдох албаныхан оролцож байна.
Цахим хэлэлцүүлгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нээж хэлсэн үгэндээ “Бид хуулийн төсөлд Монгол Улсын боловсролын зорилгоо олон судалгаа, саналыг үндэслэн шинэчлэн тодорхойлоод байна. Боловсролын зорилгоо төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөн дээдэлсэн дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвар бүхий эрүүл чийрэг, ёс суртахуунтай, хүмүүнлэг, төлөвшсөн иргэнийг бэлтгэх, насан туршдаа суралцах эрх зүйн үндсийг бүрдүүлэх боловсролын харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулахаар тодорхойлсон. Үүнтэй уялдуулаад суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэхээр агуулгаа өөрчилсөн юм. Өнөөдрийг хүртэл боловсролын агуулгыг бусад салбарын 17 хуулиар тогтоож, цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөрт орох асуудлыг хуульчилж байсан нь суралцагчдад дарамт өгөх, багш нарын ачааллыг нэмэгдүүлэх, багш нарыг хуульд заасан агуулгаар бэлтгэх боломжгүй болсон учир агуулгыг шинэ хуулиар зохицуулж өгөхөөр тусгасан” болохыг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсролын салбарынханд хандан хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хөгжлийн бодлогын нэг чухал хэсэг нь боловсролын эрх зүйн шинэчлэлийн асуудал юм. Энэ хүрээнд боловсролын зорилгыг хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх, багшийн арга зүйг сургахаас суралцахуйг дэмжих рүү чиглэсэн дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан өөрчлөх, цахим шилжилт, цахим боловсрол, зайны сургалтын эрх зүйн шинэчлэлт хийх шаардлагатай байна. Боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн монгол хүний төлөвшил, ёс зүй, хүмүүжил, мэдлэг чадварт анхаарах цаг нэгэнт болж бид үүнийг улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байна. Сургалт, хүмүүжил хоёр бол нэгдмэл зүйл гэж харж байгаа. Улс орноо хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх, харин хүнээ хөгжүүлье гэвэл багшаа хөгжүүлэх ёстой. Өнөөдрийн хэлэлцүүлж буй Боловсролын цогц хуульд боловсролын харилцаанд оролцогчдын эрх үүрэг хариуцлага, нийгмийн баталгааны талаар оновчтой, тодорхой, амьд хууль болгоход та бүхний үүрэг оролцоо хамгаас чухал гэдгийг онцолж байна” хэмээсэн юм.
Боловсрол, шинжлэх ухааны яам, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтран орон даяар Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгээр санал авах ажлыг зохион байгуулан ажилласан.
Хуулийн төслийн шинэчлэлд ач холбогдол өгч байгаагаа УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ онцолсон. Мөн тэрбээр “Бүх зүйлийн үндэс боловсрол. Боловсролтой иргэн тухайн улсын нүүр царай болж, хөгжлийн ачааг нуруундаа үүрч явдаг гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Тиймээс бид бүхэн цаашдаа Монголын үндэсний онцлогийг шингээсэн дэлхийн боловсролыг хүртсэн чиг баримжаатай боловсролын шинэчлэл рүү явах цаг болсон гэдгийг эрдэмтэн, судлаачид ярьж байна. Монгол Улсын Засгийн газраас боловсролын хууль эрх зүйн шинэчлэл хийх хуулийн төслийг санаачлан боловсруулж, оруулж ирж байна” гэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан өнгөрсөн 11 дүгээр сарын 5-наас эхлэн боловсролын байгууллагын багш, ажилтан, алба хаагчид болон олон нийтээс санал авсан. Цахим санал асуулгад 56617 хүн хандаж, өнөөдрийн байдлаар 24299 санал өгөөд байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд хийсэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн цахим хэлэлцүүлэгт нийт 5632 багш оролцож, саналаа ирүүлжээ.
Ирүүлсэн саналын хамгийн их давхацсан саналуудыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр танилцуулахдаа “Боловсролын зорилго, зорилтыг боловсронгуй болгох чиглэлээр мэдлэгээс илүүтэй хүний хүмүүжил, төлөвшил, хандлага, чадварт анхаарах болж, сургахаас суралцахуй руу чиглэсэн агуулгын хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулгыг тогтвортой байлгах, шинжлэх ухаанд тулгуурласан байх, сурах бичгийн хэвлэлтийн чанарыг сайжруулах, сургалтын орчны стандартыг баримтлах, удирдлагын томилгоог оновчтой болгох, сэлгэж ажиллуулах, босоо тогтолцоотой байх, багшийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлаар багш нарыг адистатчилах, тэтгэврийн насыг эмэгтэй 50, эрэгтэй 55 болгох, цэцэрлэгт ээлжийн, ерөнхий боловсролын сургуульд туслах багш ажиллуулах, багш бэлтгэх их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, элсэгчдийн босго оноог нэмэгдүүлэх зэрэг санал ирсэн” болохыг онцлов.
Үүний дараагаар аймаг, нийслэлийн боловсролын байгууллагын удирдлагууд дэвшүүлж буй саналаа уламжиллаа. Дорнод аймгийн тухайд хуулийн төсөлд нийт 1100 багш саналаа нэгтгэжээ. Багш нарын нэгтгэсэн саналд боловсролын салбар мэдлэг, чадвар олгохоос гадна хамгийн чухал нь монгол хүнийг багаас нь эхлэн байгаль, нийгэмтэйгээ хэрхэн зөв харьцах, хүнлэг, энэрэнгүй ёс суртахуунтай, түүх, соёлоо мэддэг иргэнийг төлөвшүүлэх агуулгыг тусгах хэрэгтэй гэж үзэж байгаагаа хэлсэн. Мөн сургалтын хөтөлбөр, агуулгыг 10 жилээр тогтвортой байлгах нь чухал хэмээлээ.
Архангай аймгийн багш нарын нэгтгэсэн саналд багш, ажилтны нийгмийн баталгааны асуудлыг тодорхой тусгах, тэтгэврийн насыг урагшлуулах, боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах асуудлыг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй хэмээн тусгагджээ.
Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.