2024-12-05
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

АТГ-аас “ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ” аяныг эхлүүллээ

2020-12-08 14:48:03

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор “ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ” аяныг эхлүүллээ.
 
Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах, олон нийтийг авлигатай тэмцэх арга барилд сургах, тэднийг татан оролцуулах нь Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үүрэг юм. Үүний тулд иргэн, хувь хүний шударга зан чанараар дамжуулан нийгэмд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байна.
 
“Зөв зөвд шударга зөв. Зөөлөн зөөлөнд эе зөөлөн” хэмээх Монгол ардын зүйр үг бий. Хүний амьдралын зөв үйл бүхний түүчээ нь шударга зан чанар гэдгийг монголчууд ийнхүү аман зохиолдоо бичиж тэмдэглэжээ. Албан тушаалтан нь ч, ард иргэд нь ч шударга зан үйлийг хэвшүүлж чадвал авлигатай тэмцэх тогтолцооны бодит чухал үндэс суурь болж байгааг судлаачид онцлон хэлдэг.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс энэ жил авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “STOP THE VIRUS. STOP THE CORRUPTION” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргав. Дэлхийн улс орнууд нөөц боломжоо дайчлан цар тахалтай тэмцэж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байгаа ч зарим улс орон шуурхай үр дүнд хүрэхийн тулд хуулийг сахин биелүүлэх, хэрэгжилтийг хянах ажлыг түр хойш тавьсан нь авлигын гэмт хэрэг гарах нөхцөлийг нэмэгдүүлээд байна. Тиймээс НҮБ энэ оны онцлогийг харгалзан үндсэн уриандаа нэмэлт болгон “ВИРУСИЙГ ДАРЪЯ. АВЛИГЫГ УСТГАЯ” хэмээх уриаг дэлхий дахинаа тунхаглалаа.  
 
 
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар “ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ” соён гэгээрүүлэх аяныг НҮБ-ын уриа бүхий кампанит ажлын зорилттой уялдуулан иргэд, олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ удаа сэтгүүлчдийн дуу хоолойг нэгтгэх, хүүхэд залуучуудын оролцоог өрнүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүсэл зоригийг сонсох, цахим хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг нийгмийн салбар бүрд зориулсан ажлуудыг 2020 оны 12 дугаар сарын турш хэрэгжүүлнэ.

“Соён гэгээрүүлэх аян нэг сарын турш үргэлжлээд зогсохгүй, цаашид тасралтгүй үргэлжилнэ. Нийгэмд шударга ёсны үзэл санаа, дадал хэвшил, зан үйл тогтох хүртэл Авлигатай тэмцэх газар соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулсаар байх болно. Авлигын эсрэг хууль тогтоомжид соён гэгээрүүлэх арга хэмжээнд иргэд, олон нийтийг татан оролцуулж, тэдэнд авлигатай тэмцэх арга барилыг олгохоор заасан. Тиймээс иргэд та бүхнийг манай соён гэгээрүүлэх аянд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна” гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэллээ.

“ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ” соён гэгээрүүлэх аяны хүрээнд сэтгүүлчид нийгэмд уриалга хүргэж, эдийн засагчид авлигын асуудлаар санал бодлоо солилцож, эмч нар ёс зүйн сэдвээр ярилцаж, хүүхэд залуучууд сошиал контентоор уралдахын зэрэгцээ иргэд шударга ёсны талаарх өөрийн байр суурийг speak out хэлбэрээр олон нийтэд хүргэх юм байна. Нийгмийн салбар, бүлэг бүрийг хамруулсан шударга ёсны төлөөх өргөн оролцоо бүрдүүлэхээр Авлигатай тэмцэх газар ажиллаж байна.
 
 
Эх сурвалж: АТГ