2024-12-05
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

446.4 мянган иргэнд арилжааны 6 банкаар дамжуулан тэтгэвэр олгож байна

2020-12-01 16:56:04

Өнөөдөр 446.4 мянган иргэнд 185.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны 6 банкаар дамжуулан олгож байна. Тодруулбал 353.5 мянган даатгуулагчид өндөр насны, 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 21.0 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм.

Коронавирус нь ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй тул халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлд хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох газруудад анхааруулсаар байна.


Нэн түрүүнд банкин дээр дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран 11 дүгээр сарын 14-нөөс эхлүүллээ. Улсын хэмжээнд 32159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээх ажлыг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдож нийт 14911 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргээд байна.