2024-12-04
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Засгийн газар

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ДАЙЧДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ОРОН СУУЦТАЙ БОЛОХ ЭРХ ОЛГОЛОО

2020-11-03 13:28:55

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний албан хаагчдын төлөөлөл 10 дайчинд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамрагдах эрхийн бичгийг гардуулав.

Тэд коронавируст цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадаас зөөвөрлөн авч ирэхэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон хөл хорионы үед өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд өөрийн мэргэжил ур чадвараа дайчлан үр дүнтэй ажилласан Зэвсэгт хүчний … дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэн ажилласан нисэгч, алба хаагчид юм.  УОК, МУЗГ-ын шийдвэрээр КОВИД19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1000 гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчдад түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчид орон сууцаа Нийслэлийн орон сууцны корпорациас тавьж буй холбогдох шаардлагуудад нийцүүлэн өөрөө  сонгож, гэрээлэн орох билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламж гардсан дайчдад хандан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ төлөө үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье. Та бүхнээрээ бахархаж байна. Цаашид улам илүү хичээн ажиллаарай ”гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.