2024-12-22
АНУ-ын доллар 3,417.49₮
Ангилал: Эрүүл мэнд

Дэлхий дахинд коронавирусийн халдварын тохиолдол 46 саяыг давлаа

2020-11-03 13:20:13

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, уг халдвараар 46,403,652 хүн өвчлөөд байна. Үүнээс 34,102,119 хүн бүрэн эдгэрсэн бол 1,198,569 хүн нас барсан талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яам цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
 
 
АНУ, Энэтхэг, Бразил, Орос, Франц зэрэг улс дэлхийн хэмжээнд халдварын хамгийн их тохиолдолтой эхний таван улс болоод байна. 

Ихэнх улс оронд цар тахлын хоёр дахь давлагаа эхэлснээс улбаалан зарим нь хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж эхэлсэн. Тухайлбал, Герман улс аялал жуулчлалын үйл ажиллагааг зогсоох, нэг дор 10-аас дээш тооны хүн цугларахыг хориглон, ресторанууд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ явуулахаар зохицуулж байгааг тус улсын канцлерь Меркель танилцуулсан.

Харин Франц улсад энэ сарыг дуустал олон нийтийг хамарсан бүх арга хэмжээнүүдийг хориглож, иргэддээ зөвхөн ажилдаа явах, хүнс цуглуулах, эмнэлэг, эмийн сан орох зорилгоор л гэрээсээ гарахыг зөвшөөрсөн юм.

Манай улс хэдийгээр дотооддоо халдвар алдаагүй хэдий ч хилийн гаднах нөхцөл байдал хүндэрч байгаа тул Цагааннуур, Боршоо боомтын үйл ажиллагааг 21 хоногийн хугацаанд түр зогсоож, ирэх сараас эхлэн тийр ачааг Алтанбулаг боомт дахь тусгай бэлдсэн халдваргүйтгэлийн талбайгаас сэлгэн ачиж, тээвэрлэхээр болсон. 
 
Дэлхий дахинд цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тул иргэд бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угаан, хүн хоорондын зайгаа баримтална уу.