Ангилал: Нийслэл
15,723 ширхэг угаарын хий мэдрэгчийг тарааж эхэллээ
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
"ПИЙШИН, ЗУУХНЫ ГАЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ДУУДЛАГА НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА"
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, мал эмнэлгийн мэргэжлийн алба хаагчид хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал тайван байна.
Сүүлийн үед объектын гал түймэр болон пийшин, зуухны галлагаатай холбоотой дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Энэ сарын байдлаар шингэрүүлсэн шатдаг хийнээс үйдэлтэй долоон удаагийн дуудлага ирсэн. Тодруулбал, орцны жижүүр газан плитка хэрэглэж байгаад гал алдсан, приус автомашинд ахуйн газ дэлбэрсэн, мөн насанд хүрээгүй хүүхдүүд газ үнэрлэсэн гэх шалтгаанаас үүдэлтэй дуудлага байсан юм.
Мөн иргэд зуухны аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй, газан плитка ашиглуулахгүй байхад анхаарах шаардлагатай байна. “Тавантолгой түлш” ХХК “Иргэдэд үйлчлэх төв”-ийг байгуулан өрх бүрийн пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах, яндан хөөлөх заавар зөвлөмжийг өгч ажиллах юм. Иймд иргэд та бүхэн өвлийн бэлтгэлээ хангаж, мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг анхаарахыг хүсч байна” хэмээлээ.
"УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ ДУУТ ЧИМЭЭ ӨГСӨН ТОХИОЛДОЛД УНТРААХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА"
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоогоод байгаа. Энэ жилийн агаарын чанарыг сайжруулах бүсэд алслагдсан 5 хороо орж, шахмал түлш хэрэглэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон хороод болон Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүйгээр тараах ажлыг зохион байгуулж байна. Нийт 15,723 ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүрэг, хороодоос ирсэн мэдээллийн дагуу тарааж байна.
Айл өрхүүд угаарын хий мэдрэгчийн төхөөрөмжийн заавартай сайн танилцаж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж ажиллах хэрэгтэй. Угаарын хий мэдрэгч бүрэн автомат учир дуут чимээ өгсөн тохиолдолд унтраахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэв.
"УЛС ОРНУУД ХИЛИЙН ХОРИГ БОЛОН ХЯНАЛТ ТАНДАЛТАА НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА"
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Ковид-19” халдварт өвчнөөр ХӨСҮТ-д нийт 10 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 34,05 хүн хамрагдаж байгаа. Гэрийн тусгаарлалтад нийт 12,155 иргэнийг хяналтад авсан бөгөөд өнгөрсөн 24 цагийн байдлаар 1,729 иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа юм.
Дэлхийн улс орнууд хилийн хориг болон хяналт тандалтаа нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Манай улсын хувьд хэдийгээр дотооддоо алдаагүй байгаа ч хариуцлагаа нэмэгдүүлж, гараа ариутгаж, маскаа тогтмол зүүхийг сануулж байна” гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс