Ангилал: Хөндөх сэдэв
Д.Шагдарсүрэн: Бэлчээрийн тухай бэлчээх бодол
Их Нацагдорж “Дөрвөн цагийн улиралд дураар нүүх нутагтай, таван зүйлийн тарианы хөрс шороо газартай” хэмээн эх нутгаа магтан дуулсан билээ. Он цагийн саалт, хөгжил дэвшлийн “сүүдрээр” дөрвөн цагийн улиралд дураар нүүх бэлчээр нутаг минь хумигдсаар өнөөдөр “бэлчээрийн маргаан” гэх шинэ ойлголт ард иргэдийн дунд ч, эрдэмтэн судлаачдын ухаанд ч, төр засгийн түвшинд ч бүрэн сууж, түүнийг цэгцлэх бодлого шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрэв. Бэлчээр гэдэг бол зөвхөн өвс ургамал биш ус унд, хужир мараа, нөмөр нөөлөг, агаар салхи гээд олон зүйлийн цогц бүтэц юм. Монголд өнөөдөр шинэ төлөө нэмээд 90 сая мал бэлчиж байгаа гэнэ. Бэлчээрийн даац хэд дахин хэтэрч, тэр олон сая малаа яаж өвөлжүүлэх талаар дээр доргүй бодол болж байна. Бэлчээрийн даац гэдэг бол хомсдол, доройтол, бохирдол гурваас хамаардаг. Уул уурхай, газар тариалан, хот тосгон, зам харгуй, холбоо харилцаа, хээрийн түймэр гээд хүний гараар бий болгосон хүчин зүйлээс гадна ган цөлжилт, бэлчээрийн хортон зэрэг байгалийн хүчин зүйл ч бүгд бэлчээрийн талбайг зохих хэмжээгээр багасгадаг. Үүнээс бэлчээрийн хомсдол бий болдог бөгөөд хамгийн их нөлөөтэй нь уурхай, тариалан, бэлчээрийн хортон гурав юм. Энэ хомсдлоос үүдээд малчид нүүгээд буух газаргүй болж нэг нутаг дээр удаан сууснаас бэлчээрийн өвс ургамалын ургалт муудаж, ургамлын төрөл зүйл цөөрч, малд идэмжгүй ургамал зонхилоод өнөө “нарийн өвс ургасан малын сайхан бэлчээр” байхгүй болохыг бэлчээрийн доройтол гэдэг. Энэ хоёроосоо үүдээд бэлчээр халцарч, хот суурин, уул уурхай, тариалангийн үйлдвэрлэл болон ахуйн элдэв хог новштой болохыг бэлчээрийн бохирдол гэж үзнэ. Ийнхүү бохирдсон, доройтсон, хомсодсон бэлчээр ихсэх тусам малчдын амьдралд зовлон учраад байгаа хэрэг.
Энэ зовлонгийн эхэнд уурхай, тариан талбай хоёрт шахагдах орно. Эндээс бэлчээрийн маргаан үүсч байгаа юм. Энэ маргааныг зохицуулах гэж Монгол улсын засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 16-нд Тариалангийн бүс нутгийг тогтоох шийдвэр гаргасан билээ. Уг тогтоолд “1990 оноос хойш газар тариалангийн бүс нутагт малтай иргэд олноор суурьших болсноор газар тариалан, мал аж ахуй хооронд зөрчилдөөн үүсч энэ хэрээр сөрөг үр дагавар гарах болсон юм. Тухайлбал малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн даац 30 хувь хэтэрч, үр тариа, хүнсний ногоо тариалах талбай сүйдсээр байна. Мөн малчид тариалангийн талбайд мал сүргээ оруулдаг гэсэн гомдол ч багагүй гардаг. Тухайлбал өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэхэд л үүнтэй холбоотой 60 гаруй дуудлага иржээ”. гэсэн байгаа юм.
1990 он хэргийн гол буруутан болж таарах гээд байгаа ч юм шиг. Энд үнэндээ төрийн бодлого дутагдсаных л байлаа. Бэлчээр, тариа ногооны талбайг хамгаалах, зохицуулалтгүй явж ирснээс арга буюу ниргэсэн хойно нь хашгирч Засгийн газрын тогтоол гаргахаас аргагүйд хүрэв. Энэ тогтоолыг гаргахдаа:
“Нэр бүхий аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоолоо. Засгийн газар ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргааныг эцэслэж байна. “ гэжээ. Ингээд тариалангийн бүс нутагт:
1.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1,2,3 дугаар баг, Цагааннуур сумын 1,2,3 дугаар баг, Ерөө сумын 1,2,3 дугаар баг, Зүүнбүрэн сумын 1,2,3 дугаар баг, Мандал сумын 4,5,6,7,8,9 дүгээр баг, Орхон сумын 1,2 дугаар баг, Сант сумын 1, 2 дугаар баг, Баянгол сумын 1,2,3 дугаар баг, Сайхан сумын 2,3 дугаар баг, Жавхлант сумын 1,2 дугаар баг, Түшиг сумын 1,2 дугаар баг, Орхонтуул сумын 1,2,3 дугаар баг, Баруунбүрэн сумын 1,2,3 дугаар баг, Хушаат сумын 1,2 дугаар баг, Шаамар сумын 1,2,3 дугаар баг, Хүдэр сумын 1,2 дугаар баг
2.Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Баянцогт, Баянчандмань, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Архуст сум, Эрдэнэсант сумын 1,2,3,4 дүгээр баг, Заамар сумын 1 дүгээр баг
3.Дархан-Уул аймгийн Орхон сум, Хонгор сумын 1,2,3 дугаар баг
4.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1,2,5 дугаар баг
5.Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5,7,8 дугаар баг, Жаргалтхаан сумын 3 дугаар баг, Мөрөн сумын 4,5 дугаар баг, Өмнөдэлгэр сумын 2,3,7 дугаар баг, Биндэр сумын 2,4 дүгээр баг, Баян-Адарга сумын 1 дүгээр баг, Дадал сумын 1,3 дугаар баг, Норовлин сумын 3 баг, Батноров сумын 4 дүгээр баг
6.Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5,6,7 дугаар баг
7.Архангай аймгийн Цахир сумын Жинст баг, Хангай сумын Арбаясгалант баг, Тариат сумын Тэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт баг, Чулуут сумын Зуунмод баг, Өндөр-Улаан сумын Хануй, Тээл баг, Бат/ян/цэнгэл сумын Баян-Уул, Дэл, Хөнөг баг, Ихтамир сумын Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр баг, Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Булган сумын Баянбулаг баг, Цэнхэр сумын Буйлан, Алтан-Овоо баг, Хайрхан сумын Могой, Жарантай, Асгат баг, Цэцэрлэг сумын Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг баг, Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Жаргалант сумын Зуслан баг, Хашаат сумын Жаргалант, Номгон баг, Өлзийт сумын Байшир, Бодонт баг, Өгийнуур сумын Дойт, Орхон, Тоглох баг, Хотонт сумын Бургалтай, Улаанчулуу, Хөөвөр гээд 7 аймгийн 57 сумыг хамруулжээ.
Гэтэл өнөөдөр тариаланч, малчдын дунд бэлчээрийн маргаан огт зогссонгүй. Учир нь өнөөх “аймгийн ИТХ-ын тогтоол” гэдэг нь ямар ч судалгаа, үндэслэлгүй, зүгээр л ХХААХҮЯ-ны саналыг зөвшөөрсөн бичиг төдий болсон хэрэг. Уул нь тус яамны саналыг үндэслэн дээрх 7 аймгийн нэр заагдсан сумдын бүх багийн ИНХ хийж малчид, тариаланчидтайгаа уг асуудлыг нягтлан хэлэлцэж ёстой “гар өргүүлэн” шийдвэр гаргасан бол өнөөдөр бэлчээрийн маргаан жинхэнэ утгаараа шийдвэрлэгдэх байлаа. Харамсалтай нь ийм хурал хийсэн баг энэ сэдвийг ямагт хөндөж явдаг сэтгүүлч миний хувьд нэг ч тааралдсангүй. Миний сайн мэдэх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа, Шанх багийн малчид “Манайд тийм хурал хийгээгүй” гэлцэж байна. Ийм явдал Архангай аймгийн Тариат суманд ч болсон бололтой. МАН-ын Ахмадын хорооны дарга, доктор Сүхбаатар энэ тогтоол гарсны дараахан “Нутгийн иргэд, малчидтай зөвлөлдөлгүй шинжлэх ухааны үндэслэлгүй тогтоол гаргалаа. Жишээлбэл газар тариалан хөгжүүлэх ирээдүй муутай, МӨНХ ЦЭВДЭГИЙН БҮСЭНД энэ шийдвэрийг хамруулсан байна” гэж шүүмжилж байлаа. Яг үнэндээ газар тариаланд ашигласнаар мөнх цэвдэг хайлж, алсдаа ган цөлжилтийг улам хурдасгаж, энэ утгаараа эргээд бэлчээрийн даацыг улам муутгаж, байгаль орчинд нөхөж барахгүй хохирол учруулж, хүн төрөлхтний өмнө дааж давшгүй нүгэл тарина гэдгээ эрх баригчид мэдсэнгүй. Миний бие уг тогтоол гарсны дараахан л ХХААХҮЯ-ны МАА-н хөгжлийн бодогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, тус яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга гээд зохих албаны хүмүүст хандаж “Энэ тогтоолоо эргэж харахгүй юмуу? гэсэн асуулт нэг бус удаа тавьсан боловч өнгөн дээрээ Эргэж харнаа гэчихээд өнөө болтол хэлсэндээ хүрээгүй л явна. Энэ бол зөвхөн хэдэн малчид тариаланчдын хоорондын асуудал биш улс орны, бүс нутгийн хэмжээний экологийн асуудал гэдгийг ухаарах сэтэртэн алга шиг байна. Уул нь малчид ч гурил иддэг, тариаланчид ч мах иддэг. Дарга нар маань хариан монгол малын мах, монголын газар шороонд ургасан тариа ногоо иддэггүй байж мэдэх юм.
“Малчин” телевизийн сэтгүүлч, МУСГЗ Дамбын Шагдарсүрэн