Ангилал: Хөндөх сэдэв
Д.Шагдарсүрэн : Засгийн хараа мууджээ
Саяхан Монгол Улсын засгийн газар 2050 он хүртлэх хөгжлийн бодлогоо тодорхойлж “АЛСЫН ХАРАА 2050” нэртэй А-4 цаасан дээр хэвэлсэн 480 нүүр бүхий бандгар ном гаргажээ. Үнэнийг хэлэхэд би 2020-2030 оных буюу ойрын арван жилийн хөгжлийн төлөвийг л уншлаа. Түүнээс цаашихыг нь би үзээ ч үү, үгүй ч үү.
Тэгтэл улс орны хөгжлийн тулгуур салбар нь уул уурхай байх гэнэ. Өнөөх уламжлалт мал аж ахуй хэрэггүй бололтой. Хүнээ хөгжүүлнэ, дундаж давхрагаа дээшлүүлнэ гэж байгаагийн чинь цаана малчид гэж хэсэг хүн байхгүй юмуу? Нүүдлийн соёл иргэншил гэж ярьж, бичиж байгаа юм бол түүний чинь ул суурь нь БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙ гэж ойлгохгүй байна уу? Ойлгохыг хүсэхгүй байна уу? Бэлчээрийн асуудлыг иж бүрэн шийдэж байж нүүдлийн соёл иргэншил гэж ярих учиртай.
Тэгвэл АЛТ-2 хөтөлбөрийг эрчимжүүлнэ гэж яаран дайрч байгаа хүмүүст бэлчээр огт хамаагүй болохоор хөгжлийн чиг хандлагаа тэгж харж байгаа юм байна гэж ойлгогдож байна. Үгүй дээ, дүү нар минь. Эрүүл, тэнүүн бэлчээртэй байж гэмээ нь түүн дээр чинь мал сүрэг нь идээшлэж, түүнийг дагаад өнөөх нүүдлийн соёл иргэншил чинь тогтож, хөгждөг юм. Бэлчээр гэдэг чинь зөвхөн өвс ургамал биш худаг ус, хужир мараа бүгд багтдаг том ойлголт. Та бүхэн наадмаар уралддаг эрлийз голдуу хэдэн морь, найраа, хуйвалдаантай хэдэн бөхийн барилдаанаа нүүдлийн соёл иргэншил гэж ойлгоод байх шиг байна. Энэ номыг бичсэн Хорвардчуудын дунд “тооно тушчих” хүүхэд байна уу үгүй юү. Адууны зүс танихгүй “алдарт уяач”-ийн малгайтай том хөөрөгтнүүд УИХ-ын танхимд сууж төрийн бодлогыг хөмөрч байгаагаас том алдаанд хүрч байна хэмээн МУСГЗ, цаг уурч, сэтгүүлч Дамбын Шагдарсүрэн “АЛСЫН ХАРАА 2050” хөгжлийн бодлогын хөтөлбөрийг шүүмжилжээ.