2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Боловсрол

Теле хичээлийг судалсан байдлыг харгалзан багшийн оноог жилийн эцсийн дүнд нэмнэ

2020-04-21 18:13:58

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Засгийн газраас шийдвэр гарсан. Тиймээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлаж байна. Хөл хорио тогтоосон хүнд үед бид салбарын үйл ажиллагааг жигд хангахаар хичээж ажиллаж байгаа. 192 улс оронд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг бүрэн хаасан. Хичээл хаагдсанаас болж 1.7 тэрбум суралцагч буюу 91.3 хувь нь хорио цээрийн дэглэмд хамрагдсан. 

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын нэг тогтоол, салбарын сайдын хоёр тушаал гарсан. Есдүгээр сарын 1-н хүртэл хичээл сургуулийн үйл ажиллагааг хаасан учраас боловсролын салбарынхан яах ийхээ хүлээж байгаа.  Энэ хүлээлтэд хариулт өгөхөөр мэдээлэл хийж байна. 

Цахим сургалтууд зургадугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. 12 дугаар анги төгсөгчид элсэлтийн шалгалтыг Монгол хэл, бичгийн хичээлээр өгдөг. Энэ шалгалтыг авахааргүй болсон. Мөн хичээл орохгүй байгаатай холбогдуулан гэрэл цахилгаан болон бусад зардлаа хэмнэхийг даалгасан. 

Харин сайдын тушаалын дагуу зургадугаар сарын 1-ний өдрөөр хичээл сургуулийн үйл ажиллагааг хаана.  Аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт теле хичээлийн чанарт анхаарч, хяналт тавихыг даалгасан. Эцэг, эхчүүдээс теле хичээлтэй холбоотой зарим нэг гомдол ирэх болсон. Шүүмжлэх хандлага ч гарч байгаа. Сургуулийн хүүхэдтэй юм уу, үгүй ч юм уу гэхээр хүмүүс теле хичээлийг харлуулж, цахимаар, албаар шүүмжилж байна. Тэр нөхдүүдэд хандаад хэлэхэд, хамгийн шилдэг багш нар батлагдсан хөтөлбөрийн дагуу теле хичээлийг чанартай сайн зааж байгаа. Харин эцэг, эхчүүд хүүхдүүдээ теле хичээлийг нь сайн хийлгэхэд анхаарах хэрэгтэй байна.  Багш нар, яам, боловсролын хүрээлэн ажлаа хийж байгаа шүү. 

ЭЕШ-ын даалгаврыг гүйцэтгэхэд гардаг нийтлэг алдаа байдаг. Үүнтэй холбоотой зааврыг ЭЕШ-ын өмнө хүргүүлэхээр бэлтгэж байна. Шалгалтаас хоцрох, дугаараа мартах гэх мэт алдаа гардаг. Үүнээс сэргийлж мэдээлэл хүргүүлэх заавар өгсөн. 2020 онд зохион байгуулах бүх уралдаан, тэмцээн, олимпиадыг хориглож байгаа. Тодорхой хугацаанд хичээлийг теле маягаар заасан.  Ирэх есдүгээр сард хичээлээ бататгах, хоцрогдол арилгах чиглэлд анхаарна. 
 
Төгсөж байгаа сурагчдад боловсролын гэрчилгээ олгодог. Гэрчилгээг зургадугаар сарын 7-нд олгохоор чиглэл өгсөн. 2020-2021 оны шинэ хичээлийн жилд нэгдүгээр ангид орох хүүхдэд зориулсан заавар зөвлөмжийг сургуулиад, цэцэрлэгийн эрхлэгчдэд хүргүүлнэ. Мөн нэгдүгээр ангид орох хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зөвлөмж, гарын авлага өгнө.  Улсын хэмжээнд байгаа бүх нэгдүгээр ангид орох хүүхдэд, эцэг, эхэд хүргүүлнэ. 

Зуны сургалтуудыг зогсоож байна. Цэцэрлэгийн эрхлэгч,  ЕБС-ийн захирлуулад чиглэл өгсөн. ЕБС-ийн бүх хүүхдийг 100 хувь анги дэвшүүл гэсэн чиглэл өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор анги дэвших шалгалт авахгүй гэсэн БСШУС-ын сайдын тушаалыг баримтал гэсэн чиглэл өгсөн. Жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын болон теле хичээлийн судалсан байдал, багш нарын өгсөн даалгаврыг хэрхэн биелүүлснийг харгалзаж, тодорхой үнэлгээ өгөх чиглэл өглөө. Гэхдээ хоёрдугаар улирлын дүнгээс доошлуулж. Дүнг гаргахдаа суралцагч нь техник хэрэгслийн боломжтой эсэхийг харгалзаж үзэхийг сануулсан.  Хөдөө багийн төвд байгаа хүүхэд болоод сумын төвд амьдардаг хүүхдийн орчин ялгаатай. 

ЕБС-ийн 10 дугаар ангид дэвшиж суралцах хүүхдийн тоонд хязгаарлалт тогтоохгүй.  Өмнө нь улаан шугам татаж, жагсаадаг байсан. Түүнийг болиулж, 10 дугаар ангид суралцах хүүхдийн тоонд хязгаарлалт тавихгүй гэсэн үг. 

ЕБС-ийн нэгдүгээр ангид дэвшин суралцах хүүхдүүдийн эцэг, эхэд зөвлөмж зөвлөгөө өгөх, хамтран ажиллахыг даалгаж байгаа. Үүнд цэцэрлэгийн багш нар маш их үүрэгтэй ажиллана. Цэцэрлэг, ЕБС-ийн өөрийн нөөц боломжид тулгуурлан хийх засварыг энэ жил зогсоож байгаа. Эцэг, эхчүүдээс анги засварын мөнгө авахгүй шүү. Намар есдүгээр сарын 1-нд анги танхимаа угааж, ариутгалаа хийгээд хичээлээ эхэлцгээе. Хүндрэлтэй үед иргэдэд ачаалал нэмэгдүүлэх байя.  Номын сангийн ном хурааж авах, бүртгэл хийх гээд бүх ажлыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст хийнэ. Бүртгэлтэй холбоотой нэг ч ажлыг тавдугаар сард хийхгүй. 

Их, дээд сургууль, коллежийн сургалтад зохицуулалт хийх сайдын тушаал гарсан.  Ирэх хичээлийн жилд элсэн суралцах хүүхдүүдэд ЭЕШ-ын босго оноог 400 оноо байхаар тогтоож байгаа. Өнгөрсөн жилийн жишиг.  2019-2020 оны төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалт, төгсөх бичиг баримтыг олгох ажлыг цахим хэлбэрээр хийж дуусгах чиглэл өгсөн. Наймдугаар сард байвал яасан юм гэдэг санал гарсан. Гэвч оюутнууд, эцэг, эхчүүдээс зургадугаар сард төгсгөх хүсэлт их ирсэн. Тиймээс зургадугаар сард төгсгөх нь зүйтэй гэж үзсэн. 

Их, дээд сургуулиуд, хувийн сургуулиудаас хүсэлт ирсэн.  ЭЯМ, УОК-оос даалгасан зааврыг дагаж, ямар ч хүн бөөгнөрүүлэхгүй, оюутнуудад хүндрэл учруулахгүйгээр зургадугаар сардаа төгсөлтийг цахимаар зохион байгуулъя гэдэг хүсэл ирүүлсэн. Тиймээс оюутнууд ямар нэг байдлаар бөөгнөрөх, хонхны баяр тэмдэглэхгүй байх хэрэгтэй.  Үүнийг сургуулийн удирдлагууд хариуцаж ажиллана гэсэн. Сургуулийн удирдлагуудад төгсөгчидтэй холбоотой ямар нэг баярын үйл ажиллагаа зохион байгуулахгүй шүү гэдгийг дахин анхааруулж хэлье. 

Сургалтын төрийн сангаас 8400 хүүхдэд 16 тэрбум төгрөг олгох ёстой. Энэ хүүхдүүдийг шалгалтад оруулж, төгсгөх ёстой шүү.  Удахгүй шийдвэр нь гараад, мөнгө төлбөрийг нь олгоно. Тиймээс оюутнуудыг төгсгөхгүй гэх асуудал гаргахгүй байхыг сануулж байна.  Оюутнуудын дотуур байрны төлбөрийн асуудалд уян хатан хандаарай. Төгсөх курсийн оюутнуудын дотуур байрны төлбөрийг бүрэн эргүүлж өгөх ёстой. Харин дэвших курсийн оюутны төлбөрийг ирэх улирлынхад оруулж тооцож болно. Зарим сургуулиуд энэ мэтээр зохицуулж байгаа юм билээ. 

Тэвчиж болох зардлуудыг тэвчиж, төсөвтөө тодотгол хийх чиглэлийг сургуулиудад өгч байгаа. Орон даяар их, дээд сургуульд элсэх элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах ёстой.  Энэ чиглэлээр төрийн байгууллагууд дэмжиж ажиллана. 

28500 хүүхэд энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа. Тэгвэл 10 мянган эцэг, эх хүсэлт тавьсан, хүүхдүүддээ анги танхимаар давтлага авмаар байна гэсэн. 10 гаруй мянган сурагч мөн ийм хүсэлт гаргасан. Бид нөхцөл байдлыг харна. Тавдугаар сард байдал ямар байх нь уу. Хэрвээ гайгүй байвал бид эцэг, эхчүүд болоод хүүхдүүдийн хүсэлтийн дагуу цөөн тооны хүүхдийг цуглуулж, 12 дугаар анги төгсөгчдөд давтлага өгөх боломжийг судална. 

Энэ жилээс сувилагчийн сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн төлбөрийг төрөөс даадаг болсон. Сайн суралцвал төрөөс төлбөрийг нь даана гэсэн үг. Ийм шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. 12 дугаар ангийн хүүхдүүдэд үүрэн телефоны операторууд үнэгүй дата бүхий дугаарыг олгох ажлыг зохион байгуулж эхэлсэн" хэмээлээ.