2024-12-05
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

Монгол дипломатуудын холбогдсон хар тамхины бүлэглэлээс 1 ТОНН ШАХАМ ГЕРОИН хураан авчээ

2020-04-16 17:13:54

Энэ оны хоёрдугаар сард Туркэд хар тамхины томоохон бүлгийн гишүүдийг яллах шүүх хурал болсон юм. Дипломат эрх ашиглан улс орнуудын хилийг хялбархан давж, хориотой бараагаа зөөвөрлөдөг уг бүлэглэлээс 25 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж, их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хураан авсан байна. 

Түүнчлэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Истанбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын хоёр ажилтныг хэрэгтнүүдийн мэдүүлгээр шалгах шаардлагатай болсон. Энэ тухай гуравдугаар сарын 17-нд манай ГХЯ-д ноот бичиг илгээж, мөрдөн шалгах зөвшөөрөл хүссэн ч ямар хариу илгээсэн талаар тодорхой мэдээлэл одоо болтол өгөөгүй байна. Харин Timeturk.com сайтад уг хэргийн үйл явц, гүйцэтгэх ажиллагаа, холбогдсон этгээдүүдийн талаар мэдээлжээ.
2018 оны 12 дугаар сарын 17-нд Туркийн Цагдаагийн газрын Мансууруулах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тайланд “гадаадад амьдардаг Нажи болон Абдулла нар Европын орнуудаас хар тамхи илгээдэг байсныг хүлээн авч Истанбулаар дамжуулан тараадаг” тухай мэдээллийн дагуу хэрэг үүсгэн шалгасан аж.

Улмаар тэдний гар утсыг шүүж, хамсаатнуудыг илрүүлсэн байна. Олон хоногийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны нэг дүгээр сарын 10-ны өдөр Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газрын 34 CC 3221 дугаартай автомашинаар хилийн чанад руу хар тамхи зөөвөрлөснийг тогтоосон байна. Улмаар уг бүлэглэлийн дөрвөн гишүүнийг баривчилж, утасны яриа, мессежийн дагуу тансаг зэрэглэлийн газрууд, тэдгээрийн гаднах зогсоолын камер шалгажээ. Шалгалтын явцад “Халим”, “Лоялсван”, “Аби”, “Хипстел” зэргээр хочилдог этгээдүүдийг уг хэрэгт холбоотойг илрүүлсэн аж. 

Мөн тэдний хаяг дээр үзлэг хийж, нийт 937.7 кг героин, 103.2 кг кокаин, 140.2 кг буюу 750 мянган ширхэг сэтгэцэд нөлөөлдөг экстази гэх эм, 1500 грамм каннабис хураан авчээ. Үүнээс гурван сарын дараа буюу тавдугаар сарын 3-нд Монголын дипломатчид 70 кг героин тээвэрлэж яваад Германы Дрезден хотын цагдаад баригдсан билээ. Консулын ажилтан Б.Баттүшиг “Монголын тагнуулын гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан” гэх мэдүүлэг өгсөн нь гаднынхны гайхширлыг төрүүлээд байсан юм. Тэд Б.Баттүшигийн гар утасны блокийг гаргаж, мэдээллийг унших шаардлагатай болсон тул хэрэг шийдвэрлэх хугацааг хойшлуулаад байгаа юм.

Тэгвэл одоо Истанбул дахь дэд консул Б.Энхмөнх болон ажилтан Б.Алтансүх нарыг Туркийн цагдаагийн газар дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тус улсын Эрүүгийн хуульд зохион байгуулалттай хар тамхи үйлдвэрлэх, худалдаалах хэрэгт 1-40 жилийн хорих ял оноодог. Одоо илрүүлэн шалгаж, нотлон тогтоосон дээрх хэрэгт холбоотой таван этгээдэд 40 жил, хоёрт нь 33 жил, зургаад нь 1-18 жил, найман яллагдагчид 1-3 жилийн ял тус тус төлөвлөжээ. Монголын дипломатууд холбогдсон нь тодорхой болсон уг хэргийн талаар холбогдох байгууллагууд ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсаар байгаа нь улс төрчид болон хуулийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд хэрэгтэн болох нөхцөл үүсээд байгаатай холбоотой. Аалзны тор мэт томчуудыг бүрхсэн уг сүлжээг Монголд биш, шударга хуультай гадны улсад л таслах бололтой. 


ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН