Сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлаар өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал болон нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
Мөс цөмрөх эрсдэл болон ой хээрийн түймрээс сэрэмжлэхийг санууллаа
Улаанбаатар хотын утааг бууруулахын төлөө энэ өвөл нийслэлийн 10 мянган төрийн алба хаагч 9 дүүрэгт ажиллаж байгаа билээ. Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабынхан хамтарч ажиллаж байна. Үүний үр дүнд мэргэжлийн байгууллага болон олон улсын байгууллагын судалгаагаар агаарын бохирдол 50 хувиар буурсан гэсэн таатай мэдээ бий.
Өнгөрөгч 3 хоногийн байдлаар 15 өрхийн 50 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон дуудлага иржээ. Урин дулаан цаг ирж, галлагаа багасч байгаа хэдий ч угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй дахин санууллаа. Мөн иргэд гэртээ агаар сэлгэлт хийж, галлагааны зөв зарчмыг дагаж, яндангаа хөөлөн яндангийн хаалтыг хаахгүй байхыг ахуйн хэрэглээндээ мөрдлөг болгох ёстойг сануулав. Түүнчлэн угаарын хий мэдрэгч дээр тоон үзүүлэлт гардаг. Дуут дохио өгмөгц айл өрхүүд гэртээ агаар сэлгэлт хийж, дохиог унтрахыг хүлээх ёстой юм. Зарим өрх дуут дохиог өөрсдөө унтраасан тохиолдол гарсаар байгааг холбогдох мэргэжилтнүүд хэллээ.
Мөн тэрбээр “Нийслэлийн хэмжээнд шар усны үерийн дуудлага ихэсч байна. Шар усны үерт өртөх эрсдэл бүхий байршилд зөвшөөрөлгүй буусан 3000 гаруй өрх бий. Том, жижиг гол, сайр, жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьших, гуу жалга, далан шуудууг цэвэрлэж, ус урсахад чөлөөтэй болгохгүй бол шар усны үерт өртөх эрсдэл их байгаа юм. Дүүргийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна. Үүнээс гадна Туул, Тэрэлж голуудын мөс хайлж байгаа тул мөс цөмрөх аюул бий. Мөн хаврын хуурайшилттай энэ үед ой, хээрийн түймэр ихэсдэг тул иргэд ногоон бүс рүү зорчихгүй байх, хэрэв зорчсон тохиолдолд асаасан үнс нурам, тамхины цог, ил галаа унтрааж байхыг анхааруулж байна” хэмээв.
Түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил илрээгүй гэв
Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил илрээгүй. 337 тонн түүхий нүүрсийг тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн бол тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд 517 тонн түүхий нүүрсийг 28 тээврийн хэрэгслээр тээвэрлэжээ.
Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз зах орчимд 60 настай, эмэгтэй А гэгч энэ сарын 21-нд гэртээ угаартаж нас барсан тохиолдол гарлаа. Галлагаанд тандалт хийж үзэхэд энгийн зуухтай, сайжруулсан түлшээр галладаг, яндангийн залгааг буруу холбосон, яндангийн хаалтыг бүрэн хаасан байдалтай байсан. Шүүх эмнэлгийн хариу 14 хоногийн дараа гарна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас бидэнд ирүүлсэн. Цаг агаар эрс дулаардаг өдийд угаарын хийнд хордох эрсдэл байдаг тул үүнээс урьдчилан сэргийлж, угаарын хий мэдрэгчийг зориулалтын дагуу ашиглахыг сануулъя” гэсэн юм.
Зуух, яндангийн битүүмжлэлийг гаргах, сойлтоо хийхгүй байх зэрэг анхааруулгыг иргэдэд холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөөр байгаа. Гэвч төрийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг дагаагүйгээс үүдэн угаарын хийнд хордох эрсдэл гарч байна. Мөн угаарын хий мэдрэгч авсан иргэд мэдрэгчээ эвдэлсэн тохиолдол ч гарчээ.
Энэ үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Г.Даваажаргал “Агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 станцын дүнгээр агаар дахь тоос тоосонцорын агууламж 51 хувиар буурсан бол PM 2.5 хэмжээтэй тоосонцор 40 хувиар буурчээ. Агаарын дундаж температур өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 хэмээр хүйтэн байна. Мөн хур тундасны хэмжээ 0.2 мм-ээр бага байгаа юм. Өнгөрсөн онд агаарын чанарын индекс бохирдолтой болон бага бохирдолтой байсан бол энэ сарын байдлаар хэвийн, цэвэр, зарим хэсэгт бага бохирдолтой гарч байна” гэв.
Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байна
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нийслэлийн шуурхай штабын 116 алба хаагч нийслэлийн 8 товчоонд хяналт тандалтын үйл ажиллагаа явуулж байна. Өчигдрийн байдлаар дээрх товчоогоор орсон 8072, гарсан 8840 нийт 16912 тээврийн хэрэгсэл, орсон 26740, гарсан 27730, нийт 54470 зорчигч хяналт, тандалтад хамрагджээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирус болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд 1098 төрийн албан хаагч 266 чиглэлд ажиллаж, 2642 зөрчил илрүүлсэн байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэрийн өгсөн мэдээллээр томуу, томуу төст өвчнөөр нийт 1647 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 333 хүүхэд байгаа юм. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэл бий аж. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоолойг зайлж, орон гэртээ агаар сэлгэлт хийх ёстойг дуулгалаа.
Манай улсын хувьд коронавирусийн өвчлөлөөр 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 1951 хүн ажиглалтад бий.
Хэвлэлийн хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдээс ирсэн асуултын дагуу холбогдох албаныхан хариулт өглөө.
-Шар усны үерт өртөх эрсдэлтэй 3000 өрхийг нүүлгэн шилжүүлэх үү?
-Судалгаагаар дээрх 3000 өрх нь хөдөө, орон нутгаас Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн газар нутагт зөвшөөрөлгүйгээр буусан. Холбогдох албаныхан эдгээр өрхөд албан шаардлагыг хүргүүлдэг боловч нүүдэггүй. Хотын удирдлагууд дээрх иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдсэний дараагаар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллага шаардлагуудыг өгч ажиллана.
-Онцгой дэглэмийн энэ үед хөл хорионд байгаа иргэдээс зөрчил илэрсэн үү?
-Нийслэлийн хэмжээнд 9 амралт, сувилалд иргэдийг тусгаарлаж байгаа. Ноцтой зөрчил илрээгүй. Улаанбаатар хотын 8 товчоодод хяналт тавин ажиллаж байхад ОХУ-аас импортолж буй хүнсний бүтээгдэхүүнийг Алтанбулагийн хилд ариутгал хийчихээд 22-ын товчоо руу шууд нэвтрүүлэх гэсэн зөрчил илэрсэн. Дашрамд дурьдахад, Цагааннуур, Алтанбулагийн боомтууд энэ сарын 28-нд бүрэн хаагдах тул оюутан сурагчид, иргэд хил хаахаас өмнө нэвтрэх хэрэгтэй.
-Хөл хорионд байгаа иргэдэд учирч буй хүндрэл юу байгаа вэ. Иргэдийн зүгээс хэдий хэр хэмжээний төлбөр төлж байна вэ?
-Хөл хорионд байгаа нэг иргэнээс өдөрт 50 мянган төгрөгөөр тооцож төлбөр авч байгаа. Төлбөрийг тухайн иргэн өөрөө төлөх ёстой. Энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй учир иргэдэд зочид буудлын үйлчилгээ үзүүлэхгүй. Тиймээс эмч нарын өгсөн зөвлөмж, зөвлөгөөг дагаж, өрөөнөөсөө дур мэдэн гарахгүй, цонхоороо шүлсээ хаяхгүй байх хэрэгтэй. 14 хоногийн дараа хөл хорионоос гарсан иргэд утсандаа апплекейшн суулгаж, тэдгээр иргэдийн байршлыг тогтоох ажлыг зохион байгуулж байна. Энэ нь тухайн иргэн хөл хорионоос гарсан ч эмнэлгийн ажилтны хяналтад байна гэсэн үг. Хэрэв иргэд гар утсаа хаа нэгтээ үлдээж явсан тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх юм.
Хэвлэлийн хурлын төгсгөлд нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “65 мянган угаарын хий мэдрэгч ирсэн. Нийслэлийн дүүргүүдэд угаарын хий мэдрэгчийг тараасан боловч ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр эргүүлэн татсан байгаа. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсний дараагаар иргэдэд энэ долоо хоногт багтаан тараах болно. Үлдсэн 65 мянган угаарын хий мэдрэгч мөн шинээр ирж байгаа. Ирэх долоо хоногоос тараана” хэмээлээ.
Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага ойролцоох 50 метр газраа цэвэрлэх хэрэгтэйг санууллаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс