2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Улс төр

Х.Нямбаатар: Хар тамхитай тэмцэх бодлого явуулахгүй бол мафитай болох нөхцөл үүсээд байна

2020-02-05 10:11:39


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос намрын чуулганы үеэр хийсэн ажил, үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус байнгын хороо өнгөрсөн намрын чуулганаар 18 удаа хуралдаж, 78 хууль, 14 тогтоолын төсөл хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 118 санал дүгнэлтийг бэлтгэжээ. Хуулийн хэрэгжүүлэлтэд хяналт тавих үүрэг бүхий зургаан ажлын хэсэг байгуулж, нийт 42 хууль, долоон тогтоолын төсөл батлуулжээ. 

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэн баталсан. Өчигдөр хуулийн төслийг ёсчилсон. Хоригийн тав хоногийн хугацаа дуусахаар Төрийн мэдээлэлд сэтгүүлд нийтлэнэ. 
Хууль, шүүхийн байгууллага хэргийг удаашруулах, хугацаа хожих зорилгоор нэг нэг рүүгээ хэргийг шилжүүлэх, цаг хожих замаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгах оролдлогыг маш ихээр хийсэн. Үүнтэй холбоотойгоор тодорхой хэргүүд прокурорын шатанд болон шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон. Ялангуяа авлига албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн.

Ингээд Засгийн газраас хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох журмыг боловсруулж оруулж ирсэн. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл хугацааг тоолдог аргачлал. Үүнтэй уялдаад 2017 оны долдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг буюу авлигын хэргүүдийг шинээр сэргээн тоолох Дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. 

Мөн энэ намрын чуулганаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хууль зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Монгол Улс цаашид хар тамхи, мансууруулах бодисын эсрэг иж бүрэн тэмцэл явуулах ёстой гэсэн дүгнэлт гарсан. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хамааралтай хүмүүсийг албадан эмчлэх эмнэлэг 10 хүрэхгүй ортой юм байна.

Сүүлийн үед хэрэглээ маш хурдацтай өсч байгаа. Тайлангийн өмнөх оныхоос нэг дахин өссөн. Жил бүр хурдацтай өсч байгаа. Хэрэглээ улам залуужиж байгаа. Харамсалтай нь хууль хяналтын байгууллагууд ялаас чөлөөлж, ялгамжтай ял шийтгэл оноож байна. Энэ төрлийн хэрэгт хууль шүүхийн байгууллагынхан өөрсдөө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Тиймээс төрөөс үүний эсрэг бодлого явуулахгүй бол мафитай болох нөхцөл үүсээд байна. Прокурорууд нь хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Хөнгөн ял аваад энэ хэргээ давтан үйлдсэн. Шүүхийн шатанд энэ төрлийн хэргийг ялгамжтай ялладаг.

Түүнчлэн ирэх хаврын чуулганд миний бие Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулан өргөн барина.  

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг хэзээнээс шалгаж эхлэх вэ?

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд яваа бүх хэрэг зогсоно. Яллагдагчаар татаад, эрүүгийн хэрэг үүсгээд л зогсоно. Прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүд эргэн сэргэж, дахин цаашаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлээр шүүхээр орно. Шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүд мөн дахин шүүхээр шийдвэрлэгдэнэ.

Бүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, сэргээх асуудлыг яриагүй. Зөвхөн авлигын гэмт хэрэгтэй холбоотой хэргүүд сэргэнэ. Цаашид энэ хууль хэрэгжихээр эрүүгийн хуульд заасан бүх хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлал хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл байна. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй болно. 



П.Оюу