2024-11-23
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Хөндөх сэдэв

Орлогод нийцсэн 10 мянган айлын орон сууц барих санхүүжилт шийдэгдэв

2019-09-14 23:17:08

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганаар Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Төслийг хэрэгжүүлснээр төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна  гэж үзэж буйгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулахдаа дурдсан.

Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая амдолларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлэх юм байна. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь  бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Улаанбаатар хотод 10 мянган айлын орон сууц барихдаа нэг ам метр орон сууцыг нэг сая төгрөгт нийцүүлж барихаар төлөвлөсөн бөгөөд үүнийгээ иргэдийн орлогод нийцсэн, эко орон сууцны төсөл гэж нэрлэжээ.

Байгаль орчинд ээлтэй 10 мянган айлын орон сууцны 1500 нь түрээсийн орон сууц байх бол 5500 нь орлогод нийцсэн орон сууц байна. Харин үлдсэн 3000 орон сууцыг зах зээлийн үнээр борлуулахаар төлөвлөжээ.  Эко хорооллуудыг барих газрыг шийдэхдээ сайн дурын үндсэн дээр газрыг орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжих юм байна.

П.Оюун