Ангилал: Улс төр
В.Путины айлчлалын үр дүнд байгуулсан 10 ГЭРЭЭ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал болон хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд талууд өнөөдөр /2019.09.03/ 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурсан баримт бичгийн жагсаалт:
- “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар,
- “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров нар,
- “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Станиславович Орешкин нар,
- “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол”-д БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Андрей Артурович Бойцов нар,
- “Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”-д Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин нар,
- “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө”-нд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин,
- “Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”-т Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Сергей Николаевич Горьков нар,
- “Монгол Шуудан ХК болон Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн ерөнхий захирал Николай Радиевич Подгузов нар,
- “Эрдэнэс Монгол ХХК болон Оросын Холбооны Улсын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Павел Анатольевич Ливинский нар,
- “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээр”-т “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ний захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Александрович Дмитриев нар тус, тус гарын үсэг зурлаа.