2024-11-23
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Эдийн засаг

Мөнгөний Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийвдэр гаргалаа

2018-09-20 21:23:50

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. 
Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци 2018 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.0 хувь, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрээд байна. Инфляци дунд хугацаанд төв банкны зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн дарамт буурахаар байгаа ч эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн гаралтай инфляци алгуур сэргэж байна.

Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхжилийг дэмжинэ хэмээн үзжээ.
Гэхдээ, Мөнгөний бодлогын хороо нь гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэх юм байна. 
Зээл хурдацтай өсч, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр мөн уг хурлаар тогтжээ.


Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлнэ. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгон нэмэгдүүлж, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр болов.