Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж байна. Айлчлалын үеэр тэрбээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж, албан ёсны хэлэлцээр хийж, Монгол Улс, АНУ-ын тунхаглал баталж, АНУ-д суугаа Монгол Улсын иргэд, бизнес эрхлэгчидтэй уулзав. Эдгээр уулзалтын үр дүн, түүний онцолж буй ярианаас харахад Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын зорилго "Гадаад худалдаанд чиглэлээ" гэж харж болохоор байна.
Монгол Улс дэлхийн 160 орчим улстай худалдаа хийдэг. Мэдээж гадаад худалдааны 90 орчим хувийг өмнөд хөрш эзэлдэг. Түүнчлэн Монгол Улс гадаад худалдаан дээр БНХАУ, Их Британи гэсэн хоёрхон улстай эерэг баланстай гардаг юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ хоёр улсад экспорт, импортоосоо давдаг. БНХАУ руу уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргадаг тул баланс эерэг байгаа. Англи бол Лондонгийн хөрөнгийн бирж дээр алтаа худалдаалдаг тул ийн эерэг гарч байгаа юм. Харин бусад улсуудын импорт давамгайлдаг гэж энгийнээр тайлбарлаж болох юм. АНУ-ын тухайд манай улсын гадаад худалдааны эргэлтийн 1.7 хувийг эзэлдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “2018 оны байдлаар АНУ-тай хийж буй худалдаа манай улсын нийт худалдааны эргэлтийн дөнгөж 1.7 хувийг эзэлсэн байна. Ялангуяа, өндөр технологи, хурдацтай шинэчлэлийн энэ цаг үе, орчинд тохируулж эдийн засгийн хамтын ажиллагааны хөрс сууриа сайжруулах ёстой гэж бодож байна. Манай бүс нутгийн онцлог нь төрийн өмчлөлтэй компаниуд зах зээл дээр үлэмж давамгайлдаг, эдийн засаг нь дунд, урт хугацаагаар төлөвлөгддөг. Ийм орчинд монгол, америк бизнес эрхлэгчдээ чөлөөтэй өрсөлд хэмээн, ямар ч санхүүгийн дэмжлэггүй орхих нь зөөлнөөр хэлбэл боломж муу гэдгийг статистик тоонууд харуулж байна. Монгол-Америкийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо байна” гэсэн юм.
Энэ тухайгаа ноос ноолууран бүтээгдэхүүнээр тайлбарлав. Ингэхдээ “Боловсруулсан ноос, ноолууран бүтээгдэхүүн нь Монгол Улсын хамгийн их нөөц боломжтой экспортын бүтээгдэхүүн юм. Манай улс дэлхийн ноолуурын 40-50 орчим хувийг нийлүүлдэг. Гэвч, санхүү технологийн шалтгаанаар ноолуурынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг дотооддоо боловсруулж, 90 орчим хувийг нь өмнөд хөрш рүү түүхий эдээр нь буюу хямд өртгөөр экспортолдог. Дашрамд сануулахад, хэдийгээр манай эдийн засгийн хэмжээ хөрш орнуудтайгаа харьцуулшгүй бага боловч “шударга худалдаанд” итгэж Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон түүхтэй. Тиймээс, манайд гаалийн тарифын болон өөр ямарваа нэг худалдааны саад, хүнд суртал байдаггүй билээ. Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тийм учир нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна. Бидний тооцолсноор 40-50 мянган хүний ажлын байр бэлэн болох юм. Энд тодруулан тайлбарлахад, монголын ноос, ноолуурын үйлдвэрлэл нь малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртэл хүн, амьтан, байгальд ээлтэй шат дамжлагыг дамждаг, энэрэнгүй үйлдвэрлэл юм. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд Америкийн ард иргэд, Конгрессийн гишүүд дэмжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Энэ мэт боломжууд бидэнд их байна. Бидэнд газар зүйн байрлалын хувьд дэлхийн томоохон зах зээлд хүрэх гарц, улс төрийн өндөр итгэлцэлтэй гурав дахь хөршүүд мөн зарим банкны тооцоолсноор 32 триллион ам.долларын үнэлгээтэй байгалийн баялаг байгаа давуу талууд байна. Түүнээс ч илүү боломжийг шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, хиймэл оюун ухаан, биг дата, конективити буюу харилцаа холбоо, цахим эдийн засгийн хүрээнд бид бий болгох ёстой. Манай бүс нутгийн эдийн засаг Америктай харьцуулахад бүтээмж муу байгааг манай хамтарсан бизнесийнхэн шийдэж чадах ч улс төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй” гэсэн юм.
Тэгвэл Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр “Өргөтгөсөн хэлэлцээрийн үеэр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг Ерөнхийлөгч Д.Трамп анхааралдаа авна гэж хэлсэн. Энэ хууль батлагдсанаар манай улсад 30 гаруй мянган ажлын байр шууд утгаараа бий болохоос гадна 800 гаруй мянган малчны орлого дээшлэх боломжтой. Энд муж мужаасаа шалтгаалаад 5-8 хувийн татвартай байдаг. Бидэнд ноолуураа боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн хийх өргөн боломж бий болж байна. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ, хөрөнгө оруулалт орж ирнэ” гэсэн юм.
Эдгээрээс харахад Ерөнхийлөгчийн айчлал дэлхийн хамгийн том эдийн засагтай гадаад худалдааны балансаа эерэг гаргахад зорьсон гэж хэлж болохоор.