Ангилал: Улс төр
Д.Лүндээжанцан: "Давхар дээл"-ийг эрс хязгаарласан
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлэгийг УИХ энэ долоо хоногт хийнэ. Үүнтэй холбогдуулан байнгын хороод хуралдаж, хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сүүлийн гурван парламентын турш ярьж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ард иргэдээс саналыг нь олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж улмаар УИХ-д өргөн барьж хэлэлцээд явж байна. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж төслийн талаар иргэдийн саналыг сонссон. Иргэдийн санал, бодлын дагуу зарчмын зөрүүтэй 15 орчим саналыг тусгахаар болж байна.
Тухайлбал, байгалийн баялаг төрийн өмч гэсэн одоогийн заалтыг хөндөөгүй, харин тодотгож “Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах,хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалах одоо болон ирээдүйд аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах зорилгоор баялгийн сан байгуулж иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх ашиг, хууль ёсны эрхийг нь хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй” гэсэн заалтыг нэмж тусгахаар болсон. Энэ саналыг иргэд болон улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас ирсэн саналуудыг нэгтгэн үзээд дээрх томъёоллыг оруулсан.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалтыг оруулж өгч байна. УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил үйлчилгээ эрхэлж болохгүй гэсэн заалт орж байгаа. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэц тогтоож эгүүлэн татах ёстой гэсэн дүгнэлт гаргасан бол тухайн гишүүний асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх заалтыг оруулж өгч байна. Мөн төрийн жинхэнэ албан хаагч мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчмыг хангасан байх ёстой. Төрийн албан хаагчдыг хэт дархаллаа гэдэг. Тиймээс чадахуйн зарчмыг баримтална.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Хариуцлагын зөвлөлтэй холбоотой асуудал байгаа. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, шүүхэд иргэдийн итгэх итгэлийг дээшлүүлэхтэй холбоотой зохих заалтуудыг орууллаа.
Нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой нэлээд олон санал гарсан. Үүнтэй холбогдуулаад улсын болон орон нутгийн харьяалалтай хот тосгоныг өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоох, хот тосгон, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, эрх хэмжээг хуулиар тогтоох, зарим эрх хэмжээг олгох санал оруулсан. Иргэдийн 85-90 хувиар дэмжсэн санал бол сумын иргэд нь өөрсдөө Засаг даргаа сонгох асуудал байгаа юм. Үүнийг мөн оруулж байгаа. Дүүргийн хувьд бол ялгамжтай. 3000 хүнтэй сум, 300 мянган хүнтэй дүүргийн асуудал өөр учраас үүнийг ялгамжтай зохицуулж өгөх нь зүйтэй. Сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга дур зоргоороо халж, солих асуудал түгээмэл байна гэсэн шүүмжлэл их гарсан. Тиймээс үүнийг хуулиар засч байгаа. Дээр нь аймаг, нийслэл, сум дүүргийн хурал, татварын хувь хэмжээ, өмчийн эрхийн удирдлага, төсвийн харилцааны асуудал зэрэг бие даасан байдалдаа төвлөрлийг сааруулах, бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тодотгон хуульдаа яв цав тусгаж байгаа. Дээрх саналуудыг өргөн хүрээнд ярилцаж оруулсан.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын найман байнгын хорооны хурлаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Чуулганы хуралдаанаар 52 санал хураалт болох бөгөөд нэг бүрчлэн санал хураана. Үүний дараа Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийднэ хэмээлээ.
АН Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд хуруу байтугай хошуу ч дүрэхгүй байгаад харамсаж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал сүүлийн 20-иод жил яригдсан. Олон суурь судалгаа, иргэд сонгогчдоос ирүүлсэн санал нэгтгэгдсэн. Нэг өдөр ярьсан зүйл биш гэдгийг олон нийт ойлгох ёстой. Өмнөх УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслүүд боловсруулагдаж байсан. Үүнийг бид энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр нэг талдаа гаргаж, иргэдийн саналыг тусгах нь ажлын хэсгийн гол асуудал. Тухайлбал, Дархан, Эрдэнэтийг үеийн үед хотын статустай болгоё гэдэг. Үндсэн хуульд нэрлээд явбал сөрөг талтай. Аймгийн төвийг хот гэдэг нэршил өгснөөр тулгамдаад байгаа асуудлыг шийдэх үү. Тиймээс улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрхзүйн үндсийг хуульчилж өгөх зохицуулалтыг Үндсэн хуульд хийгээд ажлын хэсэг дээр явж байна. Хот тосгон бий болсноор засаг захиргааны нэгжийн эрхийг эдлэх, нөгөө талаас хот нийтийн аж ахуйн зохион байгуулалтыг хийх суурин соёл иргэншлийн ололт дэвшлийг бий болгох зорилгоор өөрчлөлт хийж байна. Үндсэн хуульд ерөнхий зохицуулалт хийхгүй бол тодорхой тохиолдол тухайн үеийн сэтгэл хөөрлөөр хийвэл алдаа ирнэ. Дүүргүүд бидний өмнө тулгамдсан асуудал болоод байгаа. Дүүрэг өнөөдөр иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг, нутаг дэвсгэрийнхээ нэгжид суурилсан суурьшлыг нэгэнт бий болгосон. Тийм учраас энэ удаагийн өөрчлөлтөөр дүүргүүдийг хотын зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулах эрхзүйн үндсийг бий болгох ажлуудыг хийж байна. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт амжилттай батлагдвал дараагийн органик хуулиа батална. Хот гэдэг эрх нь шилжиж очсон, иргэдийн суурьшилд тулгуурласан хотын зохион байгуулалттай болох боломж нь бүрдэж байгаа.
Шүүхийн засаглалын завхралын тухай яриа хөндөгдөж байгаа энэ үед хуулийн өөрчлөлт яригдаж байна. Гэхдээ тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр өөрчилж болохгүй. Монгол Улсад цаашид шударга ёс хэрхэн сонгох вэ гэдэг асуудал байгаа. Тийм учраас шүүгч нарыг сонгодог, шүүгч нарт хариуцлага тооцдог байгууллагыг тус тусад нь гарах асуудал хөндөгдөж байгаа.
Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн байгаа орчны тэнцвэр байдлыг хадгалах, одоо ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баялгийн сан байгуулах Үндсэн хуулийн зохицуулалтыг оруулж ирж байгаа.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон санал, санаачлагыг авч, нэгтгэж байна. Харамсалтай нь АН Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуруу байтугай хошуу ч дүрэхгүй байгаад харамсаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд УИХ дахь АН-ын зөвлөл оролцож, саналаа хэлэх ёстой. Баялгийн сан байгуулж ирээдүй хойч үедээ өв үлдээх нь буруу зохицуулалт биш гэж бодож байна. Суурь зарчмын ойлголтууд дээр сөрөг хүчин АН орж ирэхгүй байгаад харамсаж байна хэмээн мэдээлэв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-"Давхар дээл"-ийг бүрэн арилгасангүй гэсэн шүүмжлэл байна. Энэ талаар?
-"Давхар дээл"-ийг эрс хязгаарлалаа. Зарим гишүүдийн зүгээс зөвхөн Ерөнхий сайдыг үлдээгээд, бусдыг нь хязгаарлая гэсэн санал гарч байна. Хэлэлцүүлгийн шатанд энэ нь дахин яригдана.