Хотын төвлөрлийг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны байрыг нүүлгэх шийдвэр гарч, Хотын дарга асан С.Батболдын 2018 онд Яармагт гурван блок цогцолбор барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.
Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны А блок ирэх намраас ашиглалтад орно. Тэгвэл энэ байранд Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд нүүж орох уу, эсвэл өөр хэлбэр зориулалтаар ашиглах уу гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлд төрийн албан хаагчдын байрнаас илүүтэй тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал байхад төрийн албан хаагчид шинэ байранд орох нь хир зохимжтой вэ. Энэ асуудлыг ард иргэдийн санал асуултад тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн гэжээ.
Тус барилга нь А, В, С гэсэн нийт 3 блокоос бүрдэх нийт 68.000 м.кв талбай бүхий барилга бөгөөд нийтдээ 97 орчим тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй юм. Татвар төлөгчдийн мөнгөөр баригдаж буй тус барилгын зориулалт, ашиглалтыг нийслэлийн иргэдэд чиглэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай иргэд цөөнгүй байгаа юм.
Тиймээс нийслэлийн иргэдийн дунд тухайн байрыг Нийслэлийн төр захиргааны байгууллага нүүж орох хэлбэрээр ашиглах уу эсвэл өөр зориулалтаар ашиглах уу гэсэн санал асуулгыг явуулахаар болжээ.
Хэрвээ иргэдийн олонх нь нийслэлийн төр захиргааны байгууллага Яармагийн шинэ байранд нүүж орох нь буруу гэж үзвэл дараагийн удаад тухайн байрны зориулалтыг иргэдэд өгөөжтэй, үр дүнтэй байж болох ямар хэлбэрээр ашиглах талаар дахин санал авах шаардлагатай болно.
Ямартай эхний удаад нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэн Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны талаарх доорх санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Санал асуулга
www.xot.city цахим хаягаар болон нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудас болох
Нийслэлийн мэдээ хуудсаар явагдах болно.