Ангилал: Улс төр
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцууллаа
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Арвайхээр, Тарагт сумын иргэд, төрийн албан хаагчдад танилцуулан тэдний саналыг сонслоо.
Иргэдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж, мөн хэд хэдэн санал хэлэв. “Үндсэн хууль нам төвтэй бус хүн төвтэй байх ёстой”, “Хариуцлага алдсан улс төрчид, шүүх засаглалд хариуцлага тооцохгүй юм бол Үндсэн хуулийг хариуцлагатай байлгах боломжгүй”, “Байгалийн баялаг нь төрийн өмч биш улсын өмч байх ёстой”, “Ерөнхийлөгчид 55-тай хүн нэр дэвших юм бол 55-тайдаа тэтгэвэрт гарч байгаа эмэгтэйчүүдэд ямар боломж байна вэ?”, “Иргэдээсээ сонгогдсон сумын Засаг дарга аймгийн даргатайгаа уялдаа, холбоотой ажиллаж чадах уу”, “Бэлчээр, нутаг дэвсгэрийн хилийн өөрчлөлттэй холбоотой асуудал орсон уу?” гэхчлэн асуулт асууж, санал тавьсан юм. Мөн Д.Тогтохсүрэн гишүүний санаачилсан хуулиудад хамааралтай асуултыг тавьж байлаа.
Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласнаас хойш 27 жил өнгөрчээ. 2011, 2012, 2013 онд УИХ-ын зарим гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилж байв. 2016 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг эрдэмтэн, судлаачдаар судлуулсан бөгөөд “шаардлагатай” хэмээн үзсэний улмаас 2017 онд УИХ-ын даргын захирамжаар “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг”-ийг байгуулжээ.
УИХ-ын Тамгын газраас төслийн анхны хувилбарыг улсын хэмжээнд 68 удаа хэлэлцүүлж, 327 375 иргэнээс 5 584 832 нэгж санал хүлээн авч бүртгэсэн байна.