Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна гэж Ерөнхий сайд хэллээ. Хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэх учиртай. “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.
Нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгалаа. Мөн,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн С.Чинзориг төлөвлөгөөний биелэлт, ажлын төлөвлөгөөг танилцуулахдаа,
Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх албан хаагчдыг бэлтгэж, эрх олгон ажиллуулж эхэлсэн. 2018 онд 181 зөрчил илрүүлж, шалган шийдвэрлэж зургаан иргэний эцэг эх байх эрхийг хязгаарлаж, 24 иргэнд торгууль оногдуулсан. Гэсэн хэдий ч одоо мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг хязгаарлагдмал байгаа тул НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалгаа, үнэлгээ хийж хүүхдийн эрхийн шинээр 88 зөрчлийг хуульчлахаар Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ. Мөн байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асарч, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг, эхчүүдийг дэмжиж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд, цаашлаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх бодлогыг хэрэгжүүлж, үе шаттай нэмэгдүүлнэ зэрэг мэдээллийг өглөө.
Мөн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлигийг Ерөнхийлөгчийн зөвлөх танилцууллаа гэж
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ