2024-12-04
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Эдийн засаг

Өмнөд Солонгос Тавантолгойн төмөр зам барихад хамтарна

2019-05-08 14:15:29

Дорнод Азийн төмөр замын хамтын ажиллагааны хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 247 км төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам барих ажилд Өмнөд Солонгосын тал хамтран ажиллана гэж Korea Times мэдээллийн агентлаг мэдээллээ. Одоогоор чухам ямар түвшинд хамтран ажиллах нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-26-ны өдөр БНХАУ-д болсон “Бүс ба Зам” уулзалтын үеэр Өмнөд Солонгос Монгол Улсын хооронд төмөр зам барих ажилд хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Өмнөд Солонгосын Төмөр замын хорооны Гүйцэтгэх захирал Ким Сан Гён нар уулзаж, төмөр зам барих ажилд хамтарна гэдгээ аман байдлаар тохиролцсон билээ. Өнгөрсөн 2018 оны наймдугаар сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Же Ин “Шинэ Дорнын бодлого” гэгчийг боловсруулж, улмаар Евразийн төмөр зам, эдийн засгийн сүлжээнд хамтран ажиллах Монгол, Хятад, Орос, Японтой хамтын ажиллагааны шинэ шатанд гарна гэдгээ зарласан юм.

Төмөр замын салбарт хамтын ажиллагааны хүрээнд ажлын ерөнхий бүтээц, дэд бүтцийн байгууламжийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллаж магадгүй байна.

Дангаараа оролцохоос гадна одоогоос хоёр жилийн өмнө хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан БНХАУ-тай хамтран хөрөнгө оруулалт ч хийх боломжтой гэдгийг Korea Times мэдээллийн агентлаг онцолжээ.