2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Хөндөх сэдэв

Та хэдий чинээ хог гаргана төдий чинээ төлбөр төлнө

2019-05-08 14:08:01

Улаанбаатар хотод өдөрт 800-1000 тн хуурай хог хаягдал гардаг бол үүний зөвхөн 50 хувь нь хогийн цэг рүү ачигдаж, үлдсэн 50 хувь нь ус, агаар, хөрсийг бохирдуулсаар байна. Нэг хүн хоногт 0.5 кг, жилд 200 кг хуурай хог хаягдал хаядаг. Бид хогийг мөнгө, эрчим хүч, дулаан болгодог улс орнуудтай зэрэгцэн амьдарч байгаа атлаа хог чигээр нь л хаясаар байна. Хогийг дахин боловсруулах тухай ярьж үйлдвэрүүд байгуулагдсаар байгаа хэдий  ч төдийлэн амжилт олохгүй байгаа тул урамшуулах болон төлбөр төлөхөөр зохицуулах арга замыг хэрэгжүүлэхэд хүрээд байна. 

Үүний нэг жишээ нь, Эко төлбөрийн тухай хуулийн төслийн боловсруулах ажлын хэсэг БОАЖЯ-ны дэргэд байгуулагдаад байна. Уг хууль батлагдсанаар...

"Нэг удаагийн хуванцар, архины лонх, хаягдал автомашин дугуй гэх мэт хаягдлыг ҮҮСГЭГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧ, ИМПОРТЛОГЧ нар төлбөр төлдөг болно”. Ийнхүү бүрдүүлсэн төлбөрөөр хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах зардлыг санхүүжүүлэх юм.  Яг л бид автомашин унаад Авто зам ашигласны төлбөр төлдөг шиг л.

БОАЖЯ-наас нэг удаагийн гялгар уутыг хэрэглээнээс халах шийдвэрийг хэрэгжүүлэх, дахин ашигладаг сав, баглаа боодлыг дотоодын компаниудаас авах, дотоодод үйлдвэрлэж байгаатай ижил төрлийн импортын бүтээгдэхүүнийг гаалийн татвараар зохицуулах зэрэг асуудлыг Эко төлбөрийн тухай хуулиар зохицуулах юм. Харин хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд тухайн хуулиар олсон орлогын 50 хувийг дэмжлэг хэлбэрээр олгохоор хуульд зохицуулалт оруулна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах замаар дотоодын ААН-үүдээ дэмжих бодлого баримтлах нь зүйтэй хэмээн ажлын хэсгийнхэн хэлж буй. Улсын хэмжээнд 30 хүрэхгүй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгаагийн 16 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тиймээс энэ чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх санал хүртэл хуульд тусгагдаад байгаа юм.

Лонх, нэг удаагийн хуванцар савыг бид дахин боловсруулж үйлдвэрлэдэггүй хэрнээ л 104 аж ахуйн нэгж  нэг жилд 87 сая ширхэг шил лаазыг хилээр оруулж ирж байгаа юм.
Ангилан ялгаж сураагүй монголчууд
 
Иргэд хогоо ангилж хаядаггүйгээс болж үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй гэнэ. Хог хаягдал  дахин боловсруулах үйлдвэрт тулгамдаж буй асуудал нь түүхий эдээ ангилан ялгах гэдгийг үйлдвэрлэл эрхлэгчид дуу нэгтэйгээр хэлж байсан юм. Тиймээс иргэдийг хогоо ялгаж хаядаг болгох дадал, зуршилд сургах нь төрөөс хог хаягдал дахин боловсруулагчдад үзүүлэх томоохон дэмжлэг болно гэдгийг "Хог хаягдлын менежмент" форумын үеэр хэлж байлаа.

Тухайлбал, “Мог пластик” ХХК нь  хаягдал хуванцарыг ангилан ялгаж, хагас боловсруулсан  үрэл, сан техникийн хуванцар хоолой, жижиг оврын хогийн сав үйлдвэрлэдэг. Жилд 1200 тонн хуванцар хаягдлыг бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай ч хүчин чадлынхаа 30-40 хувийг л ашигладаг байна. Энэ нь түүхий эдээ ялгаж, ангилах асуудлаас үүддэг гэнэ. Мөн улсаас татварын хөнгөлөлтөд хамруулахаас эхлээд импортын ижил төрлийн бүтээгдэхүүнд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг зохистойгоор авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг тус компанийн захирал Д.Ган-Эрдэнэ хэлж байсан юм. Гадаадын нэг жишээ дурьдахад, Австрийн Вена хот дахь хог хаягдлаас эрчим хүч ялгаруулдаг үйлдвэрийн ажиллах зарчим их энгийн бөгөөд хоол хүнсний хог хаягдлаас л эрчим хүч ялгаруулдаг. Хэрвээ ангилан ялгадаггүй байсан бол эрчим хүчээр тасалдахад хүрдэг байна. Хог хаягдлын хамгийн зөв менежмэнт бол анх хаягдал гаргахдаа л ангилан ялгахад оршиж байгаа аж. Хэн ялгах вэ, мэдээж иргэн бид. Хогийг эрчим хүч, дулаан, бүтээгдэхүүн болгоё гэвэл өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй болж. Тиймээс НҮБ-ын суурин төлөөлөгч Бианке Транкман "Иргэдийн оролцоо нь ямар их үр дүнтэйг НҮБ-ын судалгаанууд баталсан" гэж хэллээ.