2024-11-24
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

​Х.Бадамсүрэн: 'Ocean Partners' компанид зуучлалын нэг ч төгрөг өгөөгүй

2019-04-18 15:20:20

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн 40 сая ам.долларын өрийг "Ocean Partners” компаниар зуучлуулан дарсан. "Ocean Partners” компани нь “Жаст”-ын Ш.Батхүүг Стандарт банкнаас зээл авах болон зээлийг төлөхөд оролцсон гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн. Энэ талаар үйлдвэрийн  гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Стандарт” банкны өрийг төлөхтэй холбоотойгоор зуучлагч компани "Ocean Partners” компани 2006 онд Ш.Батхүүг зээл авсан асуудалтай нь холбоотой байсан гэх мэдээлэл байна. Яагаад энэ удаад дахин "Ocean Partners” компанийг зуучлагчаар авсан юм бэ?
 
-Үүсээд байгаа эрсдэлийг бодолцож, гадаад өрийг хаах шийдвэр гаргасан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Зуучлагч компанийг хэн сонгож, санал болгосон юм вэ?

-Өмнө ямар нэгэн байдлаар холбоотой байсан гэдгийг би мэдэхгүй. Бид гадаад харилцаа, өр төлбөртэй холбоотой асуудлыг зөв явуулах нь чухал.

-"Ocean Partners” компанид зуучлалын хөлсөнд хэдийг төлсөн бэ. Зэсийн баяжмалаар төлөхөөр болсон гэх мэдээлэл байна?

-Нэг ч төгрөг, ам.доллар төлөөгүй.  Олон улсын хэмжээнд явж байгаа дүрэм, журмын дагуу ажиллаж байгаа.

-Ш.Батхүү нараас өрийг нь төлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сая өр төлсний дараа ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ. Ажлын хэсэг ажиллаж байна. Буруутай этгээдийг хууль, шүүхийн байгууллага тогтоосны дараа яригдана.

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг эрсдэлийн сангаас төлсөн юм уу. Үйлдвэрийн ТУЗ-ийн дарга болон бусад хүмүүс танай үйлдвэрт ийм Эрсдэлийн сан байхгүй гэж яриад байгаа?

-Эрсдэлийн сангаас төлсөн. Энэ асуудлыг албан ёсоор Засгийн газрын ажлын хэсэгт албан ёсоор материал бэлтгэж өгч байгаа. Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.