Ангилал: Улс төр
Ө.Энхтүвшин: "Стандарт банк"-ны 40 сая ам.долларыг хүү торгуульгүйгээр бүрэн төлсөн
Шадар сайд Ө.Энхтүвшин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр /2019.04.05/ “Стандарт” банктай холбоотой өрийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн батлан даалттайгаар Стандарт банкнаас анх 160,1 сая ам.долларыг авсан байна. Стандарт банк мөнгөө төлөхгүй байхаар нь 2012 онд Лондонгийн Арбитрийн шүүхэд хандсан. “Эрдэнэт” үйлдвэрээс 86,95 сая ам.долларыг нэхэмжилжээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр батлан даагчаар орсон юм билээ. Ингээд Лондонгийн арбитрийн шүүхээс манайхыг 51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг манай тал хүлээн зөвшөөрөөгүй учир Английн шүүхэд мөн хандсан аж. Английн шүүхийн шийдвэр эцсийнх байсан учир Ерөнхий сайдын захирамжаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг 2018 оны наймдугаар сард гаргажээ. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан байна. Английн дээд шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн төлбөрийн гүйлгээг царцаах, "Стандарт" банкны төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй бол эд хөрөнгийг хурааж авах хүртэл шийдвэр гаргасан байна. Ажлын хэсэг эхний ээлжинд гаднын асуудлаа шийдвэрлээд, дараагаар нь дотоодын асуудалдаа орох саналыг Засгийн газарт оруулж, дэмжжээ.
ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН:
-Английн шүүхийн шийдвэрээр "Эрдэнэт" үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээх царцаах, дэлхийн хэмжээнд харилцагч талын компаниудад мэдэгдсэн байсан. Энэ нь том асуудал үүсэх байсан. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол "Стандарт" банкны зүгээс гуравдагч этгээдэд 51 хувийг худалдаалах эрсдэл үүсээд байсан. Мөн үйлдэврийн удирдлагуудад гадаадад зорчуулахгүй байх, хөрөнгийг царцаах эрсдэл үүсэх байсан учраас ажлын хэсгийн зүгээс өрийг төлөх саналыг Засгийн газарт оруулсан. Ингэхдээ аль болох бага төлбөрийг төлөх ёстой гэж үзсэн. Эхний ээлжинд гадаадын өрөө төлөөд, дараа нь дотооддоо буруутай этгээдүүдээр төлүүлэх саналыг Засгийн газар дэмжсэн. Нөгөө тал шууд уулзахгүй байсан бөгөөд төлбөрөө төл гэдэг шаардлагыг тавьсан. Тиймээс АНУ-ын компанийг зуучлагчийг олж, яриа хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр удаан хугацаанд хийгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдлийн сангаас гаргаж, Стандарт банкинд шилжүүлсэн. Одоо гадна талдаа асуудалгүй.
"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН:
-"Эрдэнэт" үйлдвэрийн хувьд Эрсдлийн сан байсан. Энэ сангаасаа Монгол Улсын хувьд асуудал үүсгээд байсныг зохицууллаа. Үүнээс болж "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаанд догдолдол үүсэхгүй.