2024-11-23
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Эдийн засаг

Хятадын талаас Гашуунсухайт боомтоор нүүрс татаж эхэллээ

2018-11-20 10:44:30

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байна. 

Хятадын талтай уулзалт хийж, тээвэр зохицуулалтын хэд хэдэн шийдэлд хүрч, хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээлж байна. 
Нүүрс таталтыг Хятадын талаас хийж эхэлжээ. Хятадын хил, гаалиас "Ухаалаг гарц" гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллүүдийг шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа тул программ хангамж шинэчлэгдтэл нэг машиныг хилээр шалгаж нэвтрүүлэхэд ойролцоогоор 30-40 минут шаардагдах юм байна. Тиймээс цуваанд буй жолооч нарын гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хураан авч, программдаа давхар шивэх арга хэмжээг Хятадын талаас авч байгаа бөгөөд татан авалт хэвийн болтол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх тооцоо байна.

Мөн тус ажлын хэсгийнхэн урт цуваа, дарааллыг шийдэх үүднээс ачаагүй тээврийн хэрэгслүүдийг Оюутолгойн замаар явуулж, Цагаанхадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг Гашуунсухайтын нүүрс тээврийн авто замаар 2 эгнээгээр явуулахаар болжээ.
Ингэснээр урсгал сөрж, аваар осол гаргахаас сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шуурхай зохицуулалт хийж байгаа юм гэж АТҮТ-өөс мэдээллээ.