2024-11-21
АНУ-ын доллар 3,415.07₮
Ангилал: Уул уурхай

АЙЛЧЛАЛ: Төмөр замын хил холболтын төслүүдийг БНХАУ-ын талтай хамтран эрчимжүүлнэ

2024-09-09 13:22:56

Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй 2024 оны есдүгээр сарын 7-нд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. 2022 онд хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын хугацаанд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь хоёр улсад харилцан ашигтай стратегийн асуудал гэдгийг дурдаад  Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдэд БНХАУ-ын тал хамтран ажиллаж эдгээр төслийг эрчимжүүлэхийг хүслээ. Мөн эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ард иргэдийн найрамдал, солилцоог нэмэгдүүлэх чиглэлд монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санал болгож буй дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо.