Ангилал: Уул уурхай
Критикал минерал-Монголын уул уурхайн салбарт үлээх шинэ салхи
Орчин цагийн уул уурхайн салбар нүүрсустөрөгчийг ашиглан олборлолт явуулахаас татгалзаж, илүү “ногоон технологи” руу шилжиж байна. Үүний нэг жишээ нь критикал минерал юм. Критикал минералд зэс, лити, никель, кобальт, манган, бал чулуу болон газрын ховор элементийг хамруулдаг (Олон улсын энергийн агентлаг). Өөрөөр хэлбэл, критикал минерал гэдэг нь өндөр технологийн болон дотоодын боловсруулах үйлдвэрлэлд хэрэглэгддэг, геополитикийн болон худалдааны бодлогоос шалтгаалан эрэлт, нийлүүлэлт нь эрсдэлд орж болзошгүй ашигт малтмал юм. Илүү энгийнээр тайлбарлавал цахилгаан машин, батерай үйлдвэрлэл зэрэг өндөр технологиудад ашиглагдах металлыг улс орнууд критикап минерал буюу чухал ашигт малтмалд тооцож буй бололтой.
Дэлхий нийтийн чиг хандлага, хөрөнгө оруулалт критикал минерал, өндөр технологид чиглэж байгаагийн адил Монгол Улс ч мөн анхаарч, Ашигт малтмалын тухай хуульдаа чухал ашигт малтмалын талаар шинэ бүлэг нэмэхээр зэхэж буй. Гэхдээ критикал минералд ямар ашигт малтмалыг багтаах, цаашлаад энэ чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Харин энэ чиглэлд хөл тавьсан компаниудын нэг бол “Азийн Баттерей Минералс” юм. Тус компани нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Ази Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн компани юм. Тус компани нь байгуулагдаад дөрвөн жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд бал чулууны “Хөх таг”, зэс, никелийн “Ямбат”, литийн “Цагаан дэрс” зэрэг төслүүдийг Монголд хэрэгжүүлж эхэлжээ.
Тус компанийн үүсгэн байгуулагчийн нэг З.Ган-Очирын критикал минералын салбар дахь компанийнх нь хэтийн төлөвийнхөө талаар Proactive сайтад өгсөн ярилцлагыг тоймлон хүргэе.
Тэрээр ярихдаа “Монгол Улсын уул уурхайн салбарын түүхийг сөхвөл голчлон зэс, төмрийн хүдэр, нүүрс тэр дундаа коксжуулсан нүүрс зэрэг ашигт малтмалд илүүтэй анхаарч ирсэн учир эдгээр салбарт үйл ажиллагаа нь харьцангуй тогтворжсон. Гэхдээ ЗХУ-ын нөлөөнд байсан буюу 1990 оноос өмнөх үед болон одоо үед аль алинд нь критикал минералын чиглэлээр системчилсэн хайгуул хийгдээгүй байна.
Дэлхийн EV батерайн худалдаа, үйлдвэрлэлд БНХАУ тэргүүлдэг ба энэ нь манай улс батерайн түүхий эд нийлүүлэх маш ашигтай байршилд байна гэсэн үг юм. БНХАУ-ын хувьд үйлдвэрлэдэг батерайныхаа 60 гаруй хувийг химийн аргаар боловсруулдаг бөгөөд олборлолтын аргаар тийм ч их хэмжээний батерай гаргаж авдаггүй. Монголын хувьд энэ процесст нэгдэх боломж асар их бий.
Энэ жил манай компани 2023 оны BHP хайгуулын хөтөлбөрт сонгогдож, санхүүжилт болон техникийн тусламж авсан. Зургадугаар сард бид никель төслийн өрөмдлөгөө эхлүүлэх ба үүний дараа “Хөх таг” төслийн нөөцөө өргөжүүлж, металлургийн туршилтын хөтөлбөрт хамрагдах төлөвлөгөөтэй байна. Мөн бид энэ жил литийн “Цагаан дэрс” төсөлдөө шинэ хөтөлбөр боловсруулж, өрөмдлөгөө эхлүүлэхээр зорьж байна.
Дэлхий нийт сүүлийн жилүүдэд “ногоон хөгжил”-д түлхүү анхаарч, зөвхөн уул уурхайгаар тогтохгүй бүхий л салбарт илүү өгөөжтэй, ногоон технологийг хэрэгжүүлж эхлээд байна. Манай улсын хувьд ч мөн өөрт байгаа боломжоо ашиглаж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхсанаар цаашдын хөгжлийн зам илүү тодорхой болно” гэдгийг тодотгожээ.