2024-11-21
АНУ-ын доллар 3,415.07₮
Ангилал: Уул уурхай

Ашигт малтмалын лицензийн сонсголыг энэ сарын 20-25-нд хийнэ

2024-05-06 14:54:38


УИХ-ын сүүлийн чуулган хаахаас өмнө хянан шалгах хоёр сонсгол хийхээр товлоод байгаа. Тодруулбал, Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, ногоон автобусны худалдан авалтын асуудлаар хянан шалгах сонсголыг хийхээр товлоод байгаа. Гэвч УИХ-ын гишүүд сонгуульд горилон тойргууддаа ажиллаж байгаа учраас түр хороодын ирж бүрдэхгүй хуралдаж чадахгүй байгаа юм.
Ашигт малтмалын лиценз олголтын хянан шалгар түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, ногоон автобусны худалдан авалтын асуудлаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарыг томилоод байгаа. Тэгвэл хянан шалгах түр хороод ажлаа эрчимжүүлэх чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгчээ.
Тэрээр “Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой олон асуудал хөндөгдөж байгаа. Тиймээс түр хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хэрэгтэй байна. Хянан шалгах сонсголыг энэ сарын 20-25-ны хооронд зохион байгуулна. Мөн ногоон автобусны худалдан авалтын сонсголыг яаравчилж, түр хороо ирцээ бүрдүүлмээр байна. Газрын харилцаатай холбоотой асуудлаар хяналт шалгалт хийх түр хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлж, ойрын хугацаанд бүх мэдээллүүддээ дүгнэлт хийж, нээлттэй сонсгол явуулахыг үүрэг болгож байна" гэлээ.
Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо өнгөрсөн хугацаанд олгосон ашигт малтмалын лицензийн асуудлыг хэлэлцэх бол ногоон автобусны худалдан авалтад хяналт шалгалт хийх түр хороогоор автобусны худалдан авалтын асуудлыг хэлэлцэж, гэрчүүдээс тайлбар авах юм.