2024-11-21
АНУ-ын доллар 3,415.07₮
Ангилал: Улс төр

З.Нарантуяа: Энэ удаагийн сонгуулийн хуулиар нэр дэвшигчид маш тэнцвэргүй байдлаар өрсөлдөнө

2024-05-01 11:53:08

 

Намууд өчигдөр СЕХ-нд хүсэлтээ өгсөн. Энэ үеэр АН-ын зүгээс мөнгөний сонгууль болно, иргэдийг нүүлгээд эхэлсэн гэдэг мэдээллийг хийсэн.

Энэ асуудлаар АН-ын ҮБХ-ны гишүүн З.Нарантуяагаас тодрууллаа.


-Ардчилсан нам өчигдөр СЕХ-нд хүсэлтээ өгсөн. Энэ үеэр танай намын дарга бохир сонгууль болох нь гэж хэллээ. Яагаад?

-Монголд сонгуулийн кампанит ажлын технологийг боловсронгуй бус болгох асуудал ноцтой хэмжээнд хүрснийг Л.Гантөмөр дарга өнөөдөр /өчигдөр/ анхааруулсан.

Сүүлийн гурван удаагийн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд намууд сонгуулийн маш бохир арга технологиудыг ихээр ашиглаж байгаа.

Бохир технологи гэж улс төрийн намууд болон улстөрчид бие биенийхээ эсрэг шалгагдаж нотлогдоогүй худал мэдээллийг хэвлэл мэдээллээр тарааж байна. Тролл хаягаар түгээдэг. Хууль хяналтын байгууллага дээр хянагдаж шалгагдаж байгаа хэргүүдийг эцэслэн нотлогдоогүй, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад нийтэд сенсаци болгон тарааж, нийгмээр шүүлгэж хүний эрхийн ноцтой зөрчлүүд гаргадаг. Хэн нэг хувь хүний үйлдлийг сөрөг хүчинтэйгээ холбож, наалдуулж, үйл ажиллагааг нь харлуулах, иргэдийн итгэлийг нь холдуулах санаатай ажиллагаа явагдаж буйг ажиглаж байгаа учраас энэ мэдэгдлийг хийсэн гэж бодож байна.

-Энэ бүхэнтэй хэрхэн яаж тэмцэх вэ?

-Эрх барьж байгаа нам манлайллаа үзүүлж, үйл ажиллагаагаараа үлгэрлэж,  бусад намдаа жишиг болох хэрэгтэй. Хэвлэлийнхнийг чөлөөлчих.

Эрхээ эдлээд нийгэмдээ үйлчлэхэд нь хаалтын гэрээ, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээгээрээ аливаа цензур тавихгүй болж чадвал нэг алхам урагшилна. Сонгогчдын мэдээллийг маш чанд хамгаалж, эзэнжүүлж, хайрцаглаж хариулахаа зогсооход л үр дүн гараад эхэлнэ.

-СХД-ээс их хэмжээний нэрсийг бусад дүүрэг рүү шилжүүлсэн гэдэг нь үнэн үү?

-Маш олон мэдээлэл ирж байна. Улаанбаатар хотод дүүргээс дүүрэг рүү, хотоос аймгууд руу хэдэн мянган сонгогчид шилжсэн хөдөлгөөний дүн мэдээ иргэний бүртгэл дээр байна.

Тиймээс УИХ-ын Иргэний бүртгэлийн асуудал хариуцсан дэд хороон дээр УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг байгуулан хяналт шалтгалт хийлгэхээр ажиллаж эхэлсэн байгаа тул бодит байдлыг тогтоох байх.

-УИХ-ын ирц нь хүрэхгүйгээс чуулган хуралдаж чадахаа байлаа. Чуулгандаа суухгүй байгаа нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэс болохгүй юу. Ер нь ажлаа хийдэггүй гишүүдэд шат дараалсан арга хэмжээнүүд авдаг болох боломж бий юу?

-Хаврын чуулганы завсарлагаар гишүүд орон нутагтаа ажиллаж, сонгогчидтойгоо уулзалтаа хийгээд ирсэн. Одоо чуулганы ажиллагаандаа и дэвхтэй оролцож хуулиа баталж байх цаг л даа. Гэвч томсгосон тойргийн улмаас гишүүд сурталчилгааны цагаас өмнө амжиж, тойргийн олон сумаараа орохоор явцгаасан байгаа нь ирцэд нөлөөлж байна. Ер нь энэ удаагийн сонгуулийн хуулиар УИХ-ын гишүүн, гишүүн бус хүмүүс маш тэнцвэргүй байдлаар өрсөлдөх болж байна.

-Их хэмжээний мөнгөний сонгууль болно гээд байгаа нь тойрог томссон учраас ингэж хараад байна уу?

-Зөвхөн тойрог томорсноос бус эрх баригч намаас тойрогт нэр дэвших хүмүүс нь мөнгө санхүү, сүлжээ ихтэй, олон жил тойргоо усалсан, нөлөө бүхий  хүмүүс горилогч болоод явж байгаа нь ийм хардлагыг төрүүлж байгаа.

-Ойрын улс төрийн амьдрал өрнүүн байна. Элдэв сенсациуд ар араасаа гарч байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-МАН-ын удирдлага үе, үе улс төрийн дуулиантай хэргүүдийг гаргаж тавьж, нийтэд зарлаж сенсаци дэгдээдэг. Яагаад эдгээр хэргүүдийг хууль хяналтын байгууллага шалгаад тогтоож чадахгүй байгаа юм бэ. Хэргийг хянаж шалгах үүргийг хуулиар хүлээсэн байгууллагуудыг хараат бусаар ажиллах баталгааг хангаж өгөх хэрэгтэй. УИХ, Ерөнхийлөгчийн институци шүүгчдийг томилж, шүүгчдийн ёс зүй,  сахилга хариуцлагыг хянаж, томилох, огцруулах асуудлыг бүрэн хариуцаж байгаа. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед  томилогдсон шүүгчдийг нийтээр албан тушаалтандаа үйлчилдэг гэж нэр төрд нь халдсан. Энэ нь шүүх засаглалын нэр хүндэд ноцтой хохирол учруулж байгаа  үйлдэл гэдгийг хуульчийн хувьд хэлэх байна.



Эх сурвалж: Өдрийн сонин