2024-11-21
АНУ-ын доллар 3,415.07₮
Ангилал: Эдийн засаг

НӨАТ-ын IV улирлын буцаалтыг 20-ноос хойш олгоно

2024-01-15 10:23:49


Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын  2023 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ долоо хоногт /2024.01.08/ 23:59 цагт хаагдсан. Тус өдөрт багтаж системд бүртгүүлсэн баримтуудын буцаан олголтын урамшуулал авахыг татварын байгууллагаас зөвлөлөө.

Иргэдийн хувьд 2023 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг. Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог. Буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш олгоно гэлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Байнгын хорооны ажлын хэсэгт МҮХАҮТ, СЕО клуб, МҮЭХ болон Монголбанк, ҮСХ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тооцоо судалгаа гаргуулан ажиллах нь зүйтэй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж байна. Тэрбээр, НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, сайжруулснаар төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн үндэслэлийг дээрх байгууллагууд холбогдох олон улсын зөвшөөрөгдсөн аргачлалаар тооцон ирүүлсэн болохыг танилцуулсан. Уг тооцооллоор хуулийн хэрэгжилт сайжирч, холбогдох арга хэмжээнүүдийг авснаар төсвийн орлого 534-635 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж. Мөн буцаан олголтыг нэмэгдүүлснээр иргэдийн оролцоотойгоор татварын орчин дахь хууль зөрчсөн, шударга бус үйлдлийг илрүүлэх, авлигатай тэмцэх асуудалд эерэг нөлөө гарна гэж үзжээ.