2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Нийслэл

Сингапурын компанитай хамтарч Улаанбаатар хотыг камерын удирдлагын нэгдсэн төвтэй болгоно

2024-01-11 13:54:45


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сингапур Улсын “ST Engineering” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотын камержуулалт, камерын удирдлагын нэгдсэн төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Сингапурын “ST Engineering” компани нь агаарын тээвэр, ухаалаг хот, олон нийтийн аюулгүй байдал ба батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компани дэлхий даяар 100 гаруй улсын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 130 гаруй улсад ухаалаг хотын төслийг хэрэгжүүлжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Манай улсад 2000-аад оноос камержуулалтын ажил эхэлсэн ч одоогийн байдлаар нийслэлд байгаа камеруудын 50 орчим хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, хоорондоо уялдаагүйгээр ажиллаж байна. Иймд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд камержуулалтыг иж бүрэн шийдэж, Улаанбаатар хотын бүх камерын ажиллагааг холбосон Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулах шаардлагатай байгаа юм. Ингэхдээ нийтийн тээвэр, такси үйлчилгээ, хувийн хэвшлийн камерыг ч мөн холбоно. Энэ чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

Сингапур Улсын Аюулгүй байдал, тагнуул, эрсдэл судлалын академийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Дерик Динг “Манай байгууллага 2002 оноос Улаанбаатар хоттой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллаж ирсэн.

Улаанбаатар хотын Камерын удирдлагын нэгдсэн төвийг байгуулах, Замын цагдаагийн газрын дэргэдэх Шуурхай удирдлагын төвийг шинэчлэхэд хамтран ажиллахад таатай байна.

Богино хугацаанд олон төрлийн шийдлээс санал, зөвлөмж хүргүүлж, хамтран ажиллах болно” гэв.

“ST Engineering” компанийн 25,000 орчим ажилтны 17,000 нь камержуулалтын чиглэлийн инженер аж.