2024-11-21
АНУ-ын доллар 3,415.07₮
Ангилал: Эдийн засаг

Г.Түвдэндорж: 2024 онд эдийн засаг 7 хувиар өсөхөөр төсөөлж байна

2024-01-05 13:02:46


Тэрээр “Сүүлийн хэдэн жил дэлхий дахиныг хамарсан цар тахал, геополитикийн хямралын нөлөөгөөр манай улсын эдийн засаг ихээхэн сорилтуудтай тулгарч байсан. Тухайлбал, 2022 онд гадаад валютын албан нөөц 2.7 тэрбум ам.доллар болж буурч, инфляц 16.9 хувь хүртэл өссөн. Мөн төгрөгийн ханш огцом суларч, сүүлийн дөрвөн жил төсвийн тэнцвэржүүлсэн орлого алдагдалтай гарсан.

Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд Засгийн газраас уул уурхайн экспортын валютын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системийг бий болгосон. Мөн ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой ил тод байдлыг хангах, уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлэх, ашигт малтмалыг хилийн үнээр худалдан борлуулах, экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Нүүрсний цахим дуудлага худалдаа, уул уурхайн бирж ажиллаж эхэлснээр 2023 оны эхний 11-р сард 11.5 сая тонн нүүрс, 360 мянган тонн төмрийн баяжмал, 192 мянган тонн төмрийн хүдэр арилжаад байна. Нүүрсний дуудлага худалдааны үеэр анхны үнээс дунджаар найман хувиар, төмрийн үнэ анхны үнээс дунджаар 9-13 хувиар өсөж байна.

Эдгээр экспортыг нэмэгдүүлэх бодлогыг авч хэрэгжүүлснээр макро эдийн засаг харьцангуй тогтворжиж 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 6.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хоёр их наяд төгрөгийн ашигтай гарч, инфляцын түвшин 11 дүгээр сард 8.6 хувь болж буурав.

Мөн Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, гадаад худалдааны бодлого, хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд тодорхой ажлуудыг хийж байна.

Тухайлбал, 2023 оны 07 дугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт”-д Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт болох хоёр дахь удаагийн Үндэсний сайн дурын илтгэл (ҮСДИ)-ийг миний бие танилцуулсан. Тус илтгэлээр анхны ҮСДИ-ээс гарсан дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилт, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх хүчин чармайлт, ололт, тулгамдаж буй асуудлын талаар дурдаж, тогтвортой хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой систем бий болгохын тулд нийгмийн бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг онцолсон.

Энэхүү хэлэлцүүлгээр дэлхий нийтээрээ 2030 онд хүрэхээр дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрхэн эрчимжүүлэх, энэ чиглэлд гарч буй ахиц дэвшил, сорилтыг хэлэлцсэн. Мөн Олон улсын худалдааны төвтэй хамтран Монгол улсдаа 20 дахь удаагийн "Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг 2023 оны зургаадугаар сард зохион байгуулж, 70 орчим орны төлөөлөгч оролцож ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Цаашид 2024 онд үргэлжлүүлэн эдийн засгийн бусад салбар дахь төрийн зайлшгүй оролцоог хялбаршуулж, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, төрийн үйлчилгээг цахимжуулах, бизнесийн өрсөлдөөнийг дэмжих, эдийн засгийн бүтээмж, бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг дэмжих чиглэлд арга хэмжээнүүдийг салбарын бусад яамдуудтай хамтран, хоорондын уялдаа холбоог ханган ажиллана.

Хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгыг ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлж батлуулах хүлээлттэй байна. Энэ хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хөрөнгө оруулагчийн эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжирна. Мөн хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг хязгаарласан зарим зохицуулалт арилж, хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэх, хөрөнгийг хамгаалах, гомдол маргааныг түргэн шийдвэрлэх болон арбитрын журмаар шийдвэрлэх эрхийг хангах өөрчлөлтүүд ороод байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдын Монгол улсад итгэх итгэл нэмэгдэн шинээр болон дахин хөрөнгө оруулах боломж өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг тэлэх, гадаад валютын албан нөөц нэмэгдэх зэрэг өндөр ач холбогдолтой.

Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа агентлаг болох Хөрөнгө оруулалт, худалдааны газар шинээр байгуулагдан байгуулагдан ажиллаж байна. Тус газар нь хөрөнгө оруулагчдад мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг татах, дэмжих чиглэлээр ажиллаж байна. Цаашид 2024 оноос эхлэн Олон улсын санхүүгийн корпорацитай хамтарсан “Монгол Улс: Хөрөнгө оруулалтын бодлого” төсөл болон бусад олон улсын байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

Макро эдийн засгийн бодлогын арга хэмжээнүүд, Монгол Улсын хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөнд туссан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2024 онд эдийн засаг 7.0 хувиар өсөхөөр төсөөлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнүүд, нүүрсний олборлолт, Оюу толгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн баяжмал дахь агууламж нэмэгдсэнээр уул уурхай, тээврийн салбарын өсөлтийг нэмэгдүүлнэ. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”, ирэх оны бодлогын тэргүүлэх чиглэл, зарчмыг баримталж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, үйлдвэржилтийн болон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлснээр барилга, боловсруулах, худалдаа, үйлчилгээ зэрэг салбарын өсөлтийг дэмжинэ” гэлээ.