2024-11-21
АНУ-ын доллар 3,415.07₮
Ангилал: Уул уурхай

Оюутолгой зардлаа 1,6 тэрбум доллароор нэмэх санал гаргажээ

2023-11-06 15:28:55


      Оюутолгойн төслийн гүний уурхайг эхлүүлэхэд санхүүжилт нь  анх 5.3 тэрбум ам.доллор шаардлагатай гэсэн тооцооллыг гаргасан. Харин  далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн цагаад санхүүжилт нэмэгдэж байгаа бөгөөд энэ жил хөрөнгө оруулалтаа дахин 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх саналыг хөрөнгө оруулагч тал Оюутолгойн ТУЗ-д тавьжээ. Оюутолгой ХХК-ийн 34 хувийг төлөөлж буй Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүний хувьд тус саналыг үндэслэл муу, ТЭЗҮ-ийг батлаагүй байна гэдэг шалтгаанаар хэлэлцэхээс татгалзсан байна.

Энэ талаар  “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Энэ жилдээ далд уурхайн төслийг үргэлжлүүлэхэд 1.6 тэрбум ам.доллар шаардлагатай байна гэсэн саналыг ТУЗ-д тавьсан. Уг нь бид саяхан бас төсөв мөнгийг нь нэмсэн. Үүн дээр нэмээд 1.6 тэрбум ам.долларын асуудал яригдаж байгаа. Монголын талын ТУЗ-ийн гишүүд үндэслэл хангалттай биш, ТЭЗҮ шинэчлэгдэж албан ёсоор батлагдаагүй байна гээд хойшлуулаад явж байгаа. Гэхдээ ингээд байнга хойшлуулаад явах боломжгүй. Яагаад гэхээр санхүүжилтийг нь шийдэхгүй бол төсөл нь зогсох болно. Шийдье гэхээр ногдол ашиг хойшлох зэрэг эрсдэл үүсээд байна. Одоо  нэмэгдэх зардлыг хүлээн зөвшөөрөх тухай асуудал яригдаад ТЭЗҮ шинээр хийж байгаа. Үүнтэй холбоотой урьдчилсан тооцоо гарсан нь энэ юм” гэлээ.

Өөрөөр хэлбэл, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд дахин 1,6 тэрбум ам.долларын нэмэлт, санхүүжилт шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын хүртэх ашиг дахин хойшлох эрсдэлтэй гэсэн үг юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээнд зарим өөрчлөлт оруулахаар өнгөрсөн жил хэлэлцээрийн ширээнд суусан. Хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд цаашид Оюутолгой зардлаа нэмэх санал гаргавал Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг хэрхэх нь тодорхойгүй байна.