Ангилал: Улс төр
Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил энэ оны гуравдугаар сард эхэлнэ
УИХ-ын чуулганы арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Балелхан Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцуудыг хэзээ ашиглалт оруулах талаар асуув. Түүний асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дараах хариултыг өглөө.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн тендер зарлагдаж, гүйцэтгэгч нь шалгарч, гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу барилга угсралтын ажлын 61 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Ажил нь 2022 оны гуравдугаар сард эхэлнэ. Одоо тулгамдаж байгаа ганцхан асуудал бий. Тэр нь усан сан байгуулах газарт газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэдийн нөлөөллийг арилгах асуудал байна. Засгийн газраас тэдгээр иргэдийн амьдралын түвшинг дордуулахгүйгээр нөхөн олговор олгож, нүүлгэн шилжүүлэх ажлыг шийдэх учиртай. Бид үе шаттайгаар ажиллаж байгаа. Энэ ажлыг усан санг дүүргэх хүртэл буюу таван жилийн хугацаанд хийх ёстой.
Мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар 258 өрхийн 1,200 орчим иргэн нөлөөлөлд автаад байгаа.
Эгийн голын усан цахилгаан станцын тухайд 310 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах боломжтой. Эгийн гол хил дамжин урсдаг учраас бид хөрш орнуудтайгаа ойлголцох ёстой.
ОХУ-ын зүгээс байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх хүсэлт тавьсан. Энэ үнэлгээг бид олон улсын байгууллагаар хийлгэж байна. Үнэлгээ хийх ажил 2022 оны долдугаар сард дуусна. Энэ үнэлгээ гарсны дараа Эгийн гол дээр усан цахилгаан станц байгуулж болох эсэх асуудал шийдэгдэнэ” гэдэг хариулт өгсөн байна.