2024-11-21
АНУ-ын доллар 3,415.07₮
Ангилал: Хөндөх сэдэв

Д. Шагдарсүрэн: Жинхэнэ өвөл айсуй

2021-11-15 17:01:55

Манай сайтын зөвлөх, Цаг уурч, сэтгүүлч МУСГЗ Дамбын Шагдарсүрэнгийн ээлжит тэмдэглэлийг уншигчиддаа хүргэж байна. 

Өвлийн тэргүүн-зул сарын арвад гарчихлаа. Хот хөдөөгүй идэш хүнсээ бэлтгэх гээд завгүй. Ёстой л хотынхон хөдөөгөө гэнэт санадаг үед мах хөлдөхгүй тэвдүүлж байгаа бололтой.  Өвс ихтэй тал болоод ойт хээрийн бүс нутагт өдий болтол цасгүй байх нь мал цангах, улдах аюултай болдог. Ахмад цаг уурч Цогт "Өвлийн тэргүүн сарын арван тавдаас тэнгэр муудаж мэдэхээр байна" гэж бичсэн байна. Тэр үе нь цагаан морь /11 сарын 18/, цагаагчин хонь /11 сарын 19/ таарч байгаа юм байна. Үнэхээр тэр үеэр тэнгэр муухайрвал өвөл цаашаа чангарч мэдэх юм.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Урт хугацааны прогнозын хэлтсээс гаргаж байгаа мэдээгээр 20-24-ний хооронд монгол орны баруун хэсгээс эхлээд төв, зүүн, өмнө зүгийн бүх нутгийг хамарч нэг сүрхий муудахаар байгаа ажээ. Энэ нь тодорхой бол "харагчин тахиа" тааралдах тул ялангуяа төвийн нутгийн өмнөд хагас, өмнө зүгийн нутгийн зүүн хагаст нэлээд хүчтэй цасан болон шороон шуурга болж,  зулын хорин тавнаа хүртэл хүйтний эрч эрс нэмэгдэж өвлийн идэшээ базаахад "тус болж" магадгүй. Тэгэхдээ 11 дүгээр сарын 19-нд Улаанбаатарын цагаар 16 цаг 58 минутанд сар мичидийн тохиол болохыг хувраг Түвдэн Довдангийн тооцоолж гаргасан "XYII жарны "цөөвөр" хэмээх төмөр үхэр жилийн монгол зурхайн цаг улирлын бичиг"-т тэмдэглэсэн байна. Өвлийн тэргүүн сарын 15-ны энэ тохиолыг эртний зурхайчид "Хяналтын тохиолго" гэдэг байсан юм гэнэ билээ. Өөрөөр хэлбэл Энэ өдөр сар мичид хоёр эс тохиовол зурхайн тоолол буруу явж байна гэж үзэж засвар хийдэг байжээ. Энэ жил яг арван тавандаа тохиож байгаа болохоор монгол зурхайн тоолол зөв "явж байна" гэж үзэх үндэстэй болж байна. Зурхайн тоолол "буруутах" үндэс нь ердөө л огторгуйд орчих одон гараг тэг дугуй замаар биш тодорхой хэмжээний зууван замаар “явдагтай” холбоотой юм.  Тухайлбал дунд сургуулийн тооны хичээлд үздэг "п" тоо буюу тойргийн уртыг диаметрт нь харьцуулахад 3,14..... гээд төгсгөлгүй бутархай үүсдэг дэ. Тэр төгсгөлгүй олон цэгүүд олон зуун жилийн турш хуримтлагдсаар "том тоо" болдогт л байгаа хэрэг.  Өдөр “тасар”, “лүүдэж” биднийг будилуулдаг явдал ч үүнтэй холбоотой бололтой. Тиймээс 3-4 зуун жил болоод зурхайн тоололдоо "засвар" хийж байсан баримт олон байдаг ажээ.

Энхамгалан хааны үед тэнгэрийн од эрхсийн хөдөлгөөнийг ажиглах, судлах, тооцоолох үүрэг бүхий Тэнгэрийг сүслэх яам гэж байсан бөгөөд одон зурхайн ажлыг алдарт математикч Мянгад гэдэг монгол эрдэмтэн толгойлж байсан гэдэг билээ. Мөн монголчуудын цаг улирлын тооллын "Бага хорин дөрвөн улирлын" ёсоор 11 сарын 22-ны 11 цаг 50 минутад "Бага цасан" /зарим номонд "Өчүүхэн цас" гэж нэрлэсэн байдаг/ хэмээх улирал эхлэх юм байна. Энэ улирлын гол онцлог нь үндсэндээ нийт нутагт цас орж, ирэх хавартай золгох цас тогтох үе юм. Ирэх 7 хоногоос л жинхэнэ өвөлтэйгөө золгох нь дээ.

Тэмдэглэл: Д.Шагдарсүрэн Цар уурч, сэтгүүлч МУСГЗ 2021.11.15